Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит 4 дүгээр тайланг хэлэлцэв

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 11 дүгээр сарын 3- 14-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан болж байна.
Тус хуралдаанд манай улсаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дөрөвдүгээр тайланг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцүүллээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, мөн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд нар орж ажиллалаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 тоот тогтоолд үндэслэж НҮБ-ын гишүүн улсууд өөрийн орны хүний эрхийн нөхцөл байдал, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн тайлангаа Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлдэг болсон. Манай улс анхны тайлангаа 2010 онд хэлэлцүүлсэн бол 2015, 2020 онд тус тус тайлан хэлэлцүүлж байсан юм.
Энэ удаагийн хуралдааныг Хүний эрхийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Разван Рузу даргалж, 78 улсын төлөөлөгчид үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцогчид Монголын хүний эрхийн чиглэлд гарсан ахиц дэвшлийг үнэлж, хүүхэд, ахмад настан, хэвлэлийн эрх чөлөө, ЛГБТ хүмүүсийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, агаарын бохирдол, шүүхийн хараат бус байдал, авлигатай тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар зөвлөмж өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл гишүүн орнуудын асуултад хариулж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Мөн хуралд оролцогчдоос өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж:
Хууль зүй, дотоод хэргийн яам