Үйл явдал2 мин унших
2026 оны төсвийн онцлог

2026 оны Төсвийн тухай хуулийг УИХ эцэслэн баталсан билээ.
Сангийн сайд Б.Жавхлан: 2026 оны төсөв дээр төсвийн тэлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарласан. ДНБ болон эдийн засгийн өсөлтөд оролцох хувийн хэвшлийн орон зайг тэлж, баялаг бүтээгчдээ дэмжсэн төсөв болж чадсанаараа онцлогтой.
Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь, ДНБ-ийг 102 их наяд төгрөгт хүргэх гол өөрчлөлтүүдээ хадгалж чадсан. Тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд, урсгал зардал 24.9 их наяд, хөрөнгийн зардал 8.6 их наяд буюу том тоонууд үнсэндээ өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш 1.351.3 тэрбумд нь өөрчлөлт орсон.
Үүний 884 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхэд зориулагдсан. Одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалтыг нэг зардлаас нөгөө зардал руу шилжүүлэх байдлаар зохицуулалт хийсэн. Тиймээс инфляцад ирэх дарамт харьцангуй бага. Хэрвээ эдгээр зардлуудыг цоо шинээр нэмэгдүүлсэн бол инфляцад сөрөг дарамт ирэхээр байлаа.
"Хасвал нэмнэ, нэмбэл хасна" гэсэн зарчмаа баримтлаад төсвийг огт муутгаагүй, харин ч зарим нэг үзүүлэлт сайжирсан. Арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой.
Нэмэгдэж байгаа цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөрөнгө оруулалт нь дандаа зохицуулалтын саналууд байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас жигд 12.7 хувь хасагдсан. Энэ хасагдаж байгаа дүн баярлах зүйл биш. Төсөв өргөн баригдсанаас хойш маш олон асуудлууд яригдлаа. Салбар болон нийгмийн шаардлагад үндэслэсэн өөрчлөлтүүд зохих хэмжээнд хийгдсэн.
Эдгээр өөрчлөлтүүдийг хийхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагч нар ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөсөө 10-15 хувийн ажлыг хумьж байна гэсэн үг. Төсөв батлагдаад үйл ажиллагаа ч эхлээгүй байхад тодотгол ярих эрт байна. Засгийн газар 2026 онд одоо батлагдсан төсвөөрөө үйл ажиллагаагаа бүрэн санхүүжүүлээд явах боломжтой.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл нийгмийн суурь өвчлөлүүдийг ЭМДС-аас буюу төсвөөс, татвар төлөгчдийн өгч байгаа татаасаар санхүүжилтийг нь хийнэ.
Эх сурвалж:
Сангийн яам














