Сурвалжлага5 мин унших
"Орон сууцны дахин төлөвлөлт-Асуудал ба шийдэл" сэдэвт иргэдийг мэдэх эрхээр хангах уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжих үндэс нь төр, оршин суугч болоод төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн 3 талт нэгдмэл ойлголцол юм.
Энэ ч утгаараа төрийг төлөөлж иргэдээ аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээж буй Нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-аас хариуцсан 80 байршлын оршин суугч иргэдийнхээ мэдэх эрхийг хангахаар "Асуудал ба шийдэл" уулзалтыг өчигдөр /2025.11.19/ зохион байгууллаа.
Уулзалт өнгөрсөн 10 жилийн оноог сайжруулах, алдааг давтахгүй байхын тулд “Хэн нь ямар мэдээлэлтэй байх ёстой вэ” гэдэг мэдээллийн нэг шугам дээр ирж, шийдлээ хамтдаа эрэлхийлэх зорилготой.
Анх 2011 онд Орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг ашиглахыг хориглох тухай ойлголт орж ирж байв. Улмаар 2015 оноос Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд энэ тухай тусгагдсанаар 2016 он Барилга хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ батлагдаж өнөөдрийг хүртэл мөрдөж иржээ.
Улаанбаатар хотод 5500 гаруй орон сууц бий. Үүнд газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд 1970-аад оноос өмнө баригдсан 672 нь тэсвэргүй гэж гарсан байдаг. Үүнээс Нийслэлийн хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглахыг хориглосон 376 барилга бий. Энэ дундаас иргэдийн 80 хувийн дэмжсэн саналаар дахин төлөвлөх шийдвэр гарсан 204 орон сууц байгаа юм.
Тодруулбал, 71 барилга дээр сонгон шалгаруулалт явагдаж, 133 дээр төсөл хэрэгжүүлэгч шалгараад, 39 нь 2016-2025 оны хооронд ашиглалтад орсон, 53 барилга нь барилга угсралтын шатандаа, үлдсэн 40 барилга нь оршин суугчидтай хийх гэрээ хэлцлийн шатандаа явж байна.
2023 оны тавдугаар сар хүртэл ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, шинээр барих үйл ажиллагааг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар хариуцаж байгаад өнгөрсөн 1 жилийн хугацаанд Нийслэлийн орон сууцны бодлогын газарт шилжүүлсэн.
Орон сууцны бодлогын газрын дэргэд Нийслэлийн орон сууцны корпораци болон "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК гэсэн 2 байгууллага ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг шинээр байгуулах ажлыг хэрэгжүүлэх чиг үүргийг төрийн өмнөөс гүйцэтгэж байна.
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК гурван талт гэрээ байгуулахдаа давхар “Хариуцлагын гэрээ” байгуулдаг болсноор иргэдийн олноороо хохирдог шалтгаан буюу гүйцэтгэгч компанийн алдаа дутагдлаас үүдэлтэй асуудлыг арилгах шийдэл болсныг хурлын үеэр онцлов.
Нийслэлийн Орон сууц бодлогын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Золжаргал: ТӨР ИРГЭДЭЭ АЮУЛГҮЙ, ТАЙВАН АМЬДРАХ НӨХЦӨЛӨӨР ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ

Монгол Улс НҮБ-д 1991 онд элссэн. Тэгвэл Нийгэм, соёлын хорооны зөвлөмжөөр улс иргэдээ шаардлагад нийцсэн, аюулгүй, тайван, нэр төртэй амьдрах орон байраар хангах үүрэг хүлээдэг. Гэтэл манай оронд газар хөдлөхгүй байсан ч нурах аюултай, амь нас, эд хөрөнгөд эрсдэл үүсгээд буй 376 орон сууц байна. 1960-70 оны барилгууд мөөгөнцөртэй, газар хөдлөлтөд тэсвэргүй болоод байгаа. Бид иргэдэд үүсч болзошгүй аюул заналхийллээс сэргийлж энэ ажлыг хийгээд байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдлэхэд иргэдийн өөрсдийн оролцоо маш чухал. Иргэд эхлээд хүсэх ёстойг чухалчлав.
Онцгой байдлын Ерөнхий газрын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Дашцэрэн: ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР “ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ” ГЭЖ ДҮГНЭВ

Нийслэлийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг гаргасан. Тухайлбал, химийн осол, цацрагийн осол, газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга гээд төрөл бүрээр гаргахад энэ дундаас хамгийн өндөр эрсдэлтэй байгаа нь газар хөдлөлт гэдгийг . Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 5 магнитудаас дээш түвшний газар хөдлөлт 3 удаа бүртгэгдсэн. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж, хэмжээ эрс нэмэгдсэнийг Онцгой байдлын Ерөнхий газрын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Дашцэрэн онцлов.
Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны оршин суугч Т.Батжаргал: ГУРВАН ЖИЛ ГУДМАНД ГАРСАН БАЙСАН ОРШИН СУУГЧДЫН АСУУДЛЫГ 3-4 САРД ШИЙДЭЖ ӨГЛӨӨ

Манай байрыг буулгаад төсөл хэрэгжүүлнэ гээд хариуцсан компанийн санхүүжилт нь баталгаагүй, тодорхойгүйн улмаас иргэд гудманд гарсан. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулж гэрээ хийчихсэн байснаас болж төсөл нь зогсчихсон байсан юм.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцсанаас хойш сонгон шалгаруулалт явуулахад "Гартаам Агат" ХХК шалгарч ажиллаж байгаа. Барилгын ажил өнгөрөгч зургадугаар сарын 25-нд эхлээд 4 сар болж байгаа гэхэд гүйцэтгэл 50 хувьдаа хүрсэн байдалтай байна. Хугацаанаасаа ч өмнө ашиглалтад орохоор нөхцөл бий болчхоод байгаад оршин суугчид бид маш баяртайгаар хүлээн авч, хамтарч ажиллаж байгаа.
Хан-Уул дүүргийн I хороо 120 мянгатын 18-р байрны оршин суугч Г.Анхтуяа: АЛЬ НЭГ ТАЛ НЬ ДАНГААРАА ХӨДЛӨХ БИШ ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ИРГЭД БИД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ЁСТОЙГ ОЙЛГОСОН

Байраа дахин төлөвлөлтөд оруулахаар оршин суугчид бид нэгдчихсэн байгаа. Энэ санаачилгыг би 2017 онд гаргаж орцныхоо найз эмэгтэйтэй хамт айл бүрийн хаалгыг тогшин, зөвшөөрлийн гарын үсгийг цуглуулахаас эхэлсэн. Тухайн үед иргэд, оршин суугчид зөвшөөрөх ёстой юм байна гэдэг л мэдээлэлтэй байлаа. Төрөө хараад л байсан болохоос биш бидний өөрсдийн оролцоо өндөр гэдгийг мэдээгүй л явж байсан байгаа юм. Аль нэг тал нь дангаараа хөдлөх биш төр, хувийн хэвшил, оршин суугчид хамтарч ажиллах ёстой юм байна гэдгийг саяхнаас мэдэж авч байна.
Гарын үсэг цуглуулсны дараа Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт, шаардлага гаргуулаад, улсын төсөвт манай байрны зураг төслийн төсвийг суулгуулах ажлыг мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөний тусламжтайгаар хийж чадсан. Гэтэл цар тахал гарч учраа олохгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК оршин суугчидтай уулзах гэж байна гэдэг мэдээллийг авснаар бүх зүйл тодорхой болж ирсэн. Төртэйгөө хамтран ажиллана гэдэг чинь баталгаатай, арыг бат хамгаалах "Аав" маань гэдэг шиг л асуудлыг шийдвэрлэх боломж нээгдсэн л дээ.
Бид маш сайн ойлголцоод Хяналтын зөвлөл, Үнэлгээний хороогоо дотроосоо байгуулчихсан барилгыг маань буулгах ажил хэдийд эхлэхийг хүлээгээд сууж байна.
ИРГЭД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
Гэрээг хэн түрүүлж хийсэнд илүү сонголт байна
Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдож батламжлагдсан этгээдээс өөр компанитай гэрээ хийхгүй байх
Шинэ байраа орон сууцаар нь ашиглаж болох ч тусгай зориулалтаар дүйцүүлж авах боломж бий.
Оршин суугчдын 98 хувь нь байраа чөлөөлчхөөд байхад, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчхаад байхад эсэргүүцвэл дулаан, ус, цахилгаан хязгаарлах эрх зүйн боломж төсөл хэрэгжүүлэгчдэд бий.
Гурван талт гэрээ байгуулмагцаа орон сууц ашиглалтад орох хүртэлх тодорхой хугацаанд түр суурьшуулах зардал авч болдог.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д харьяалагдаж буй орон сууцанд шинэ байраа хүлээх хугацаандаа түрээсийн төлбөр төлөөд амьдрах боломжтой…
Иргэд мэдээлэлтэй байх тусам, төрөөс олгож буй боломжуудыг ашиглаж чадна. Иргэд, оршин суугчдынхаа мэдэх эрхийг нь хангах, итгэлцэл бий болгох зорилготой уулзалт үр дүнтэй болж, цаашдын хамтын ажиллагаанд шат ахисан үйл явдал ийнхүү болж өнгөрөв.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
