Онцлох мэдээ2 мин унших
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцлээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хуулийн төслийг танилцууллаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйл, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.” гэж зааснаар шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн нийт иргэд, сонгогчдийн төлөөллийн байгууллага юм.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилж өгсөн атлаа шат, шатны иргэдийн төлөөлөгч нарыг хуульд заасан үндэслэл, журам нэрийн дор эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байгаа нь төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ялгаатай түвшинд хүргэж байна хэмээн тэрбээр танилцуулав.
Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан дээрх зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлж, хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэнийг тодотгосон.
Монгол Улсын хэмжээнд боловсон хүчний тоо эрс багасч төрийн бүх шатны байгууллага, түүнчлэн төсвийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуй нэгж байгууллагад ажиллах боловсон хүчний дутагдал үүсч байгаа бөгөөд уг асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байгааг хууль санаачлагч танилцуулсан.
Хөдөө орон нутаг болон алслагдсан сум дүүрэгт ажиллах боловсон хүчний дутагдлыг нөхөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны албан хаагч байхаар хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын шаардлагыг хангах нь хууль зүй, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээлээ.
УИХ-ын гишүүн С.Зулпхар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.