Үйл явдал4 мин унших
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЭнэ өдрийн хуралдаанд тус Байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Т.Аубакир, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, П.Сайнзориг, П.Ганзориг, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн, Р.Батболд, Ч.Номин, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Д.Пүрэвдаваа нарын 18 гишүүн хүрэлцэн ирж, 62.1 хувийн ирцтэй хуралдлаа.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан товын дагуу Төсвийн байнгын хороо энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудитын тайлан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр товлосныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. Хэлэлцэх асуудлын талаар санал гаргах гишүүн байгаагүй тул Байнгын хорооны хэлэлцэх асуудлын товд өөрчлөлт орсонгүй, үргэлжлүүлэн хуралдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг тус хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэж заасан. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан ба Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2025 оны байдлаар Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан, хэрэгжилтийг Засгийн газар хариуцаж байгаа нийт 17.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 72 төслийг хэрэгжүүлж, эдгээрээс 5.3 их наяд төгрөг буюу 29.6 хувийг ашигласан, 2025 онд 1.5 их наяд төгрөгийг ашиглахаар 2025 оны төсвийн тухай хуульд баталсан. Эдгээр төслийн 82 хувь нь 2025-2028 онд хэрэгжиж дуусахаар гэрээ, хэлэлцээртэй байгаа нь гэрээний хугацаанд санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлж, төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай талаар илтгэв.
Зээлийг аль болох хурдан хугацаанд эргэлтэд оруулж, ашиглалтыг үр дүнтэй байлгахыг зорьж байгаа, 116 төслийн хувьд тухайн жилд бага хэмжээний төсөв баталдаг нь жишээлбэл, газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахад хүндрэл учруулж буй. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт товлосон хугацаандаа, зохих гүйцэтгэлтэй явагдаж байгаа хэмээн Сангийн яамны төлөөлөл танилцуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төслүүдийн гүйцэтгэлийн явц байдлын талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай товч тайлагнав. Нийслэлийн хувьд газар чөлөөлөлт, дэд бүтцийн инженерийн шугам сүлжээг холбох зэрэг нь асуудалтай, ихээхэн хугацаа шаардсан ажил байдаг гэв.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуултад холбогдох яамдын төлөөлөл тухай бүр хариуллаа. Ийнхүү хэлэлцэх үед Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах болсон тул Байнгын хорооны хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдсан юм.
Гишүүд үг хэлсний дараа, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан Үндэсний аудитын газрын тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.