#Коммент2 мин унших
Х.Нямбаатар: Нийслэлийн ЕБС-ийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

Хүн өдөр бүр 1 стакан сүү ууснаар биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох Кальци, Витамин D, Уураг, Фосфор, Магни авдаг.
Ингэснээр дархлаа сайжирч, шүд бэхжих, оюуны болоод биеийн алжаал тайлах, биеэс хор гадагшлуулдаг үнэлж баршгүй ач тустай.
Тэгвэл төрөөс ЕБС-ийн сурагчдад 7 хоногт 3 удаа сүү өгдөг болохоор “Сүүн дархлаа хөтөлбөр”-ийг Нийслэлээс 2024 оноос хэрэгжүүлээд буй.
Сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурсан үр дүнтэй байгааг эцэг эхчүүд илэрхийлдэг байна.

Иймд энэ жил хүүхдийн тоог нэмэгдүүлж нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгөхөөр Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "НЗДТГ-аас дэмжиж, НЕБ-ын сургуулийн хүүхдүүдэд долоо хоногт 3 удаа сүү өгснөөр үндэсний сүүний үйлдвэрлэгчдээс баталгаатай, чанартай сүүг нийлүүлэх боломж бүрдэнэ. “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн нээлтийг нэгдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан.
Хотод татвар төвлөрүүлж буй үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого эхнээсээ биеллээ олж байна.
ААН-үүд эрсдэл үүрч шинэ технологи бүхий үйлдвэрүүд нээж байгаа нь нэн сайшаалтай.
Хотын дарга сүү үйлдвэрлэгч үндэсний компаниуд болох “Витафит Милк”, ТЭСО группийн үйлдвэртэй танилцаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм.
Тэрбээр “Витафит Милк” компанийн сүүний үйлдвэрт тулгамдсан асуудал болох шугам сүлжээг өргөтгөж өгнө. Үйлдвэрийн урдуур тавих замын асуудлыг шийднэ. Тухайн орчимд ТЭСО группийн үйлдвэр бас байдаг. Тиймээс хоёр томоохон үйлдвэрт тулгамдаж буй зам, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.
Зорилтот хөтөлбөрийн нээлтийг нэгдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөж байна.
НЗДТГ-аас нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт 3 удаа сүү өгөх юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
