Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Орон нутгийн дотуур байрны хүүхдийн хоолны мөнгө 6300₮ байгаа. Гэтэл махны үнэ өсчихсөн үүнийг 9-10 мянга болгох шаардлагатай!
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Мэдээж гишүүдийн хэлж байгаа нарийвчилсан асуудлуудыг анхаараад УИХ дээрх хэлэлцүүлгийн шатад сайжруулах тал дээр ажиллаад явах байх. Хуулийн үзэл баримтлалд байгаа эрүүл монгол хүнийг бид яаж бүтээх вэ гэдэг асуудал байгаа. Эрүүл Монгол хүн улсыг авч явахаас биш суурь өвчлөлтэй, багаасаа шим тэжээлийн дутагдалтай явж ирсэн хүмүүс эрч хүчтэй ажиллаж чадахгүй.
Сургуулийн насны хүүхдүүдийн ер нь 90% нь Д витамины дутагдалтай байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол 10 хүүхэд тутмын 9 нь гэсэн үг. Шүд цоорох өвчний тархалтаар Монгол Улсын хүүхдүүд дэлхийн дунджаас 2 дахин их байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь байх ёстой хэмжээнээсээ 3 дахин их байна дүн шинжилгээнүүд гараад байгаа. Энэ бол ерөөсөө л нийгмийн эрүүл мэнд болоод бодлогын алдагдал байгааг харуулж байна.
Бага насны хүүхдүүдийн 42,2% нь чихэр, шоколад, шарсан төмс гэх мэт эрүүл бус хүнс байнга хэрэглэж байна. 36,7% нь чихэрлэг ундаа хэрэглэж байна гэсэн судалгаа байгаа. Соён гэгээрүүлэх ажил бодлого хаядсаны жишээ энэ тоогоор харагдаж байна. Ийм амьдралын хэв маягтай болсон Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг сургуулийн орчинд нь эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, шим тэжээлийн боловсролыг нь олгох, зохист дадалд нь сургах асуудалд маш сайн анхаарахгүй ёстой байна.
Өчигдөрхөн Өргөдлийн байнгын хороон дээр ЕБС-ийн үдийн хоолны шим тэжээлийн асуудлыг бид хөндөж хуулийн хэрэгжилтийг хөндөж ярилцсан. ЭМЯ-ны өгсөн мэдээллээр хот суурин газрын хүүхдүүдэд таргалалт, жингийн нэмэгдэл маш их байна. Алслагдмал сум дүүргүүдэд шим тэжээлийн дутагдалд орсон, дундаж өндрөөсөө 2-3см бага байна гэсэн ийм судалгаануудыг гаргасан байна. Хөдөө орон нутагт дотуур байранд нэг хүүхдийн хоолны мөнгийг 6300 төгрөгөөр тогтоож байна. Махны үнэ өсчхөөд байхад орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд хооллож байгаа хоолноосоо өдрийн шим тэжээлээ хангалттай авч чадахгүй байна. Үүнийг Боловсролын яамны судалгаагаар даруй 9-10 мянга болгох шаардлагатай. Энд нийтдээ 32 тэрбум төгрөг л шаардлагатай. Бага ангийн хүүхдүүдээс илүү дунд ахлах ангийн хүүхдүүд шим тэжээлээ авч чадахгүй байна. Үүнд 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


