Үйл явдал2 мин унших
Нийгмийн хамгааллын тухай Австри Улстай хэлэлцээр хийх хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Лүндэг Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн болохыг дурдав. Монгол Улсын иргэд олноор оршин сууж байгаа улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлдэг байна.
Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр тогтоолгон авах нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа аж. Цаашид Бүгд Найрамдах Австри Улстай хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байгааг сайд дурдав.
Бүгд Найрамдах Австри Улстай 2023 оноос Нийгэм хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлж, хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар хэлэлцээрт 2025 оны тавдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо талууд гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ болохыг тодотголоо.
Уг хэлэлцээр хэрэгжсэнээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсгэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Ингэснээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжрах ач холбогдолтой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
