#Коммент3 мин унших

С.Одонтуяа: Манай улс хар тамхи хэмээх аюултай тахлыг онцгой анхаарах цаг болсон!

С.Одонтуяа: Манай улс хар тамхи хэмээх аюултай тахлыг онцгой анхаарах цаг болсон!

УИХ-ын 2026 оны хаврын чуулган үргэлжилж байна. Энэ сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Энэ хуулийг цаг алдалгүй хэлэлцэж батлахыг нийгэм шаардаж байна.

Энэ талаар байнга ярьж, сэрэмжлүүлж, зөв бодлого цаг алдахгүй гаргах талаар ярьдаг тун цөөн гишүүдийн нэг бол С.Одонтуяа. Тэрээр “хэрэв бид өнөөдөр анхаарахгүй бол маргааш оройтно. Судалгаагаар 2030 он гэхэд манай улсад хар тамхины хэрэглээ эрс өсөх эрсдэлтэй байна. Өмнө нь зөвхөн “үнэтэй” хэрэглээ байсан бол өнөөдөр бүх давхаргад тархаж, хүүхэд залуус хамгийн их өртөж байна.

Мансууруулах бодис хэрэглэдэг дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг гэсэн мэдээлэл үнэхээр түгшүүртэй. Гэвч мансууруулах бодис өөрөө шууд амиа хорлоход хүргээд байгаа биш, харин сэтгэл зүйн асуудлаа даван туулж чадахгүй, зөв дэмжлэг авч чадахгүйгээсээ болж бусдаас, найз нөхдөөсөө сонсоод хэрэглэж эхэлдэг нь бодит үнэн юм.

Хүүхэд, залуусаа хар тамхи хэмээх тахлаас хамгаалах нь бидний хамтын үүрэг. Хар тамхины хэрэглэгчийг зөвхөн гэмт хэрэгтэн гэж харах биш, эмчилгээ шаардлагатай хүн гэж харах цаг болсон. Хэрэв бид үнэхээр тэмцэхийг хүсэж байгаа бол донтох эмгэгийн эмчилгээ, тэр дундаа хүртээмжтэй, үе шаттай эмчилгээний тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай. Энэ бол зөвхөн төрийн асуудал биш. Гэр бүл, сургууль, нийгэм бүхэлдээ хамтдаа хариуцах ёстой.

Өнөөдөр хар тамхи найз нөхдийн хүрээлэл, сошиал орчноор дамжин хамгийн хурдан тархаж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх боловсрол, зөв мэдээлэл хамгийн чухал хамгаалалт юм. Зөв бодлого, зөв дэмжлэг байвал бид энэ асуудлыг зогсоож чадна” гэж байр сууриа илэрхилсэн.

С.Одонтуяа: Манай улс хар тамхи хэмээх аюултай тахлыг онцгой анхаарах цаг болсон!

Өнгөрсөн намрын чуулганаар өргөн барьсан  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөлд сэтгэл сэрдхийм тоо баримт тодорхой дурдагдсан. Тодруулбал, улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2100 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд 2422 хүн холбогдсон байх ба үүний 4.4 хувийг 13-17 насны, 50.4 хувийг 18-25 насны, 35.8 хувийг 26-35 насны, 9.2 хувийг 36-аас дээш насны хүн тус тус эзэлж байна. Үүний зэрэгцээ энэ төрлийн зөрчил 2017-2025 онд нийт 2018 зөрчил бүртгэгдэж,  үүнд 1976 хүн холбогдсон бол үүний 20,9 хувийг 13-17 насны, 50,6 хувийг 18-25 насны, 21,6 хувийг 18-35 насны хүүхэд залуус, 6.8 хувийг 36-аас дээш насны иргэд эзэлжээ. 

2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоог өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргачлалыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Гэтэл манай улсын хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хууль ёсны эргэлтийг тодорхой зохицуулсан эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа аж.

Иймд энэ хаврын чуулганаар дээрх хуулийг зайлшгүй батлах хэрэгцээ, шаардлага байгаа юм. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012