Онцлох мэдээ3 мин унших
“Хөрөнгө оруулалт ба Уул уурхай” арга хэмжээ Бээжин хотноо болов

Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон улсын зах зээлд сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, дотоодын компаниудад олон улсын зах зээлээс санхүүжилт татах боломжийг сайжруулах зорилгоор “Монголын хөрөнгийн зах зээлийг холбох нь” цуврал арга хэмжээг өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа.
Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, БНХАУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Хятад-Азийн Эдийн засгийн хөгжлийн ассоциацийн тэргүүн Чуан Шин Жи болон тус улсын Санхүүгийн зохицуулагч байгууллага (CSRC), Бээжингийн хөрөнгийн бирж (BSE)-ийн удирдах албан тушаалтнууд, хоёр улсын санхүү, уул уурхай, хөрөнгийн зах зээлийн төр, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулагчид оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын санхүүгийн салбар, тэр дундаа хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай, үсрэнгүй хөгжиж хууль эрх зүйн орчин, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, арилжааны идэвх, дэд бүтэц олон улсын жишигт нийцсэн зах зээл болон төлөвшиж буйг онцлов. Тэрбээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн таван жилийн хугацаанд 5.3 дахин өсөж 13.9 их наяд төгрөгт, үнэт цаасны арилжааны хэмжээ 20.1 дахин нэмэгдэн 1.3 их наяд төгрөгт хүрснийг дурдан, энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах сонирхол эрс нэмэгдсэнийг илтгэж байгааг тэмдэглэлээ. Мөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүний биржийн арилжаа жилээс жилд идэвхжиж, өнгөрсөн онд 27.79 сая тонн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оноос 12 хувиар өссөн үзүүлэлт болсныг дурдаад, нүүрсний экспортын 24.3 хувь, төмрийн хүдэр, баяжмалын экспортын 67 хувь нь биржээр дамжин арилжаалагдаж буйг онцлов. Уул уурхайн салбар болон хөрөнгийн зах зээлийг уялдуулж хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн чухал зорилт бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтыг татах, компаниудыг санхүүжүүлэх улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлдэг болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбар хоорондын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, салбар хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэх чухал эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Арга хэмжээний хүрээнд Монголын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, зохицуулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, уул уурхайн салбарт хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж, биржийн арилжааны экосистем, арилжаанд оролцох үйл явцын талаар мэдээлэл өглөө. Харин БНХАУ-ын талаас тус улсын хөрөнгийн бирж дээрх гадаадын компаниудын бүртгэл, хөрөнгө оруулалтын боломж, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан юм.
“Хөрөнгө оруулалт ба уул уурхай” сэдэвт энэхүү арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарыг БНХАУ-ын эх газрын мужуудад таниулан сурталчлах, хоёр улсын хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын компаниудыг БНХАУ-ын биржүүдэд давхар бүртгүүлэх, хадгаламжийн сертификат гаргахад дэмжлэг үзүүлэх, гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол, оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.
Түүнчлэн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалыг татах, хөрөнгийн зах зээлээр дамжуулж технологийн шинэчлэл, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих ажлыг энэхүү арга хэмжээгээр дамжуулан эхлүүлж чадсан нь онцлох үр дүн байв.
Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлд сурталчлах, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity” цуврал арга хэмжээг 2023 оноос хойш БНХАУ-ын Шанхай, Хонгконг, Сингапур, БНСУ-ын Сөүл, АНУ-ын Нью-Йорк хотноо амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Тус арга хэмжээнүүдийн үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлд гадаадын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд, институциональ хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн. Мөн өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо нь олон улсын нийт 16 байгууллагатай хамтран ажиллаж, Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын сүлжээнд холбох суурийг бүрдүүлээд байна.





Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн






