Онцлох мэдээ2 мин унших
БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо, Бээжингийн Хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үнэт цаасны зохицуулах хороо (CSRC) болон Бээжингийн хөрөнгийн бирж (BSE)-ийн удирдлагуудтай уулзлаа.
БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороотой хийсэн уулзалтад тус хорооны дэд дарга болон холбогдох газрын удирдлагууд мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Г.Бумцэнд, зөвлөх Ц.Эрдэнэбаяр нар оролцож, хоёр улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, зохицуулалтын бодлого, шинэчлэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нэвтрүүлэлт, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн туршлага, Засгийн газрын болон орон нутгийн бондын зах зээлийн хөгжил, зохицуулалтын орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.
Түүнчлэн хоёр байгууллагын 2008 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг зах зээлийн өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэх, Монголын компаниудыг БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд давхар бүртгүүлэх боломжийг судлах, түүхий эд болон деривативын зах зээлийн туршлагаас суралцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хорооноос хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Бээжингийн хөрөнгийн биржтэй хийсэн уулзалтын эхэнд Монголын хөрөнгийн зах зээлд хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, зах зээлийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгч, дотоодын компаниудыг тус улсын бирж дээр давхар бүртгүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Бээжингийн хөрөнгийн биржийн удирдлагууд мөн энэ үеэр жижиг, дунд бизнесийг дэмжих бодлого, бүртгэлийн тогтолцоо, “green channel” буюу хурдавчилсан бүртгэлийн механизм, зах зээлийн хяналт, шалгалтын тогтолцоо болон хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлаасаа танилцуулсан юм.
Талууд цаашид Монголын компаниудыг Бээжингийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх боломжийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, зах зээлийн хяналт, мониторингийн тогтолцооны талаар туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар харилцан санал нэгдлээ.

Эдгээр уулзалт нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг БНХАУ-ын хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн






