#Коммент1 мин унших
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчид буцаан авсан хөрөнгүүдээс 2 жилийн хугацаанд 25.6 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүллээ

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3904 нийслэлийн өмчийн барилга байгууламж бүртгэлтэй. Тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг
Үүнээс 1441 өмч сайн чанартай, 1895 өмч дунд чанартай, 568 өмч муу чанартай гэж үнэлэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар 796 нийслэлийн өмчит төсөвт байгууллага, 66 дүүргийн өмчит үйлдвэрийн газар, 26 нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 17 нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, 17 нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар бий.
Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн балансын үнэ, 200 тэрбум гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгэсэн байна.
Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлснийг Хотын дарга Х.Нямбаатар тодотгов.
Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Эмийн үйлдвэр, элэг судлалын клиник төв, “Өргөө” зочид буудал томоохон барилга байгууламжуудыг олон жилийн турш дам түрээсэлж, зориулалтын бусаар ашиглаж байсан зөрчлүүдийг зогсоожээ.
Цаашид хууль бусаар өмчлөлд шилжсэн барилга байгууламжуудыг буцааж авах ажлыг үргэлжлүүлэх бөгөөд одоогоор Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийг эргүүлэн авах хэлэлцээрийн ажил үргэлжилж байгааг Х.Нямбаатар дарга онцоллоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
