Байр суурь2 мин унших
Х.Тэмүүжин: Эрүү шүүлттэй холбоотой асуудал хувь хүний гэхээсээ илүүтэй системийн асуудал болчихсон!
УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ.
ХЗБХ-ны хүний эрхийн дэд хороон дээр ажлын хэсэг байгуулагдаад эрүү шүүлттэй холбоотой асуудлаар хохирсон иргэдтэй биечлэн тусгайлан уулзаад, хэрэг бүр дээр шинжээч томилоод шинжээчийн дүгнэлтүүдийг сонсоод энэ УИХ-ын тогтоолын төсөл гарч байгаа юм. Үнэхээр ХЭҮК-оос олон жил дараалан УИХ-д хүргүүлсэн хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлд дурдагдсан энэ эрүү шүүлттэй холбоотой асуудал хувь хүний гэхээсээ илүүтэй системийн асуудал болчихсон юм байна. Тэнд байгаа ажил албан хаагчдын боловсрол мэдлэгийг дээшлүүлээд, албан хаагчдыг сольж сэлгээд, дараад хариуцлага тооцоод энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй юм байна.
Энэ өөрөө тогтолцооны шинж чанартай учраас бодлогын, тогтолцооны түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай гэж УИХ дүгнэх хэмжээний тогтоол гарах гэж байгаа юм.
Энэ тогтолцооны шинжтэй гажиг чинь өөрөө Монгол Улсыг хүнийг эрүүдэн шүүдэг социализмын үеийн, Вишинскийн аргаараа хэрэг маргаанаа шийдвэрлэдэг. Хүн нь байвал хэрэг нь олддог. Хорьж мөрдөж ,айлган сүрдүүлж, мэдээллийн дутмаг байдлаар түшиглэж хуурч байгаад хэргийг нь хүлээлгэдэг. Гэмт хэргийг илрүүлэхэд нотлоход гэмт хэрэгтний өөрийнх нь мэдүүлэг нэг номерын ач холбогдолтой байдаг гэдэг. Энэ коммунист фашист аргаараа одоо ч гэмт хэрэгтэйгээ тэмцдэг гэдэг. Энэ муу жишгийг тогтолцооныхоо гажгаас болж, ардчилсан улс руу шилжээд хүний эрхийг хамгаалдаг 1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш 36 жил ингэж явж байна гэдгийг УИХ өөрөө анх удаа хүлээн зөвшөөрч нотолж байгаа тогтоол гарч байна.

Гишүүд бүгдээрээ үүн дээр ач холбогдол өгч хэлэлцэхээс гадна, Засгийн газрын гишүүд ирээд сонсох ёстой юм. Энэ тогтоолоор Н.Учрал Ерөнхий сайдад үүрэг даалгавар өгч байгаа. Ерөнхий сайд УИХ-ын өмнө хууль тогтоомжийн биелэлтийг хариуцахынхаа сацуу, өөрийнхөө кабинетад энэ салбарыг хариуцуулсан сайддаа үүрэг даалгавар өгөх ёстой болж байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







