Үйл явдал1 мин унших
УИХ-ын даргын хамт Монголбанканд ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ын дарга С.Бямбацогтын хамт Монголбанканд ажиллаж, эдийн засаг, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солицлох уулзалт хийлээ.
Уулзалтаар инфляцын өнөөгийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн эрсдэл, мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн тогтвортой байдлын талаар Монголбанкнаас танилцуулга мэдээлэл өгсөн юм.
Тухайлбал, мах, хүнсний ногоо, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад голлон нөлөөлж буйг онцоллоо.

Мөн Ойрх Дорнод дахь геополитикийн тодорхойгүй байдал дэлхийн эдийн засаг, шатахуун болон тээврийн зардалд дарамт үзүүлж буй талаар санал солилцов.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого, стратегийн шинэчлэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, Банкны тухай болон Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж буйгаа танилцууллаа.

Түүнчлэн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгаж, нөхцөлийг сайжруулан хүүг бууруулсан нь санхүүгийн тогтвортой байдал, гадаад харилцааны хүрээнд чухал ач холбогдолтой болсныг онцлов.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын зээлжих зэрэглэл ахихад Монголбанкны бодлогын оролцоо, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой байсныг онцоллоо
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн






