Үйл явдал2 мин унших

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг “Агро сити” төслийн төлөвлөгөө батлахыг дэмжлээ

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг “Агро сити” төслийн төлөвлөгөө батлахыг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар /2026.06.12/ дэмжлээ.

Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэх нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 гаруй асуудалтай танилцаж, төлөөлөгчид холбогдох албаныхнаас асуулт асууж, саналаа хэллээ.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг “Агро сити” төслийн төлөвлөгөө батлахыг дэмжлээ

Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмонгийн танилцуулснаар “Агро сити” эдийн засгийн тусгай бүс нь импортыг орлох үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлж, нийслэлийн хүнсний аюулгүй байдлыг хангах, бүс нутгийг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө юм. Төлөөлөгч Г.Батбаяр “нийслэлчүүд жилд 150 сая доллараар зөвхөн нарийн ногоо худалдаж авдаг гэсэн статистик бий. Жимс жимсгэнэ, таримал цэцгийг бараг 100 хувь гадаадаас авч байна. Цаашид хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос хангахад энэ төсөл чухал” гэв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа зарим салбар дээр яаралтай шийдвэрлэх олон асуудал байна. Тиймээс урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн эхний үр дүн, явцын талаар тодорхой мэдээллүүд өгч байх шаардлагатайг хэлэв.

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Багахангай, Багануур дүүргийн  аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа дутуу баригдсан барилгуудыг цэгцлэх зэрэг асуудлыг төлөөлөгчид хөндөж, шийдвэрлэхийг Нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагуудад анхааруулав.

Төлөөлөгчид асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд тайлбар өгснөөр Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцүүлэхийг төлөөлөгчид дэмжлээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

НийслэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025