Байр суурь3 мин унших
Л.Энхнасан: Татварын бодлого бүтээгдэхүүний хорт нөлөө, эрсдэлийн түвшинтэй уялдаж, ялгамжтай байх нь зүйтэй
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энхнасан дараах байр суурийг илэрхийлээ.
1. Хуулийн төслийн үндсэн зорилго нь иргэдийн тамхины хэрэглээг бууруулах, өсвөр үе, хүүхэд, залуучуудын электрон тамхинаас хамгаалахын тулд татварыг нь нэмэхийг зарчмын хувьд дэмжиж байна. Оновчтой олон шийдвэрүүдийг ч дэмжиж байна. Харин Ажлын хэсгийн гишүүний хувьд никотин агуулсан бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө харилцан адилгүй байж болох тул татварын бодлого нь эрсдэлийн түвшинтэй уялдуулж ялгамжтай байх нь зүйтэй гэсэн энэ байр суурийг илэрхийлсэн юм. Эрсдэл өндөр бүтээгдэхүүнд өндөр татвар, харьцангуй бага бүтээгдэхүүнд зохистой татвар ноогдуулах нь хэрэглэгчдийн хор хөнөөл багатай сонголт руу шилжих боломжийг хангадаг. Иймд онцгой албан татварыг ялгамжтай болгох зарчмын зөрүүтэй санал оруулсан.
Хүүхдүүд электрон тамхийг дэлгүүрээс биш сошиал орчинд онлайн худалдаанаар авч байна. Энэ удаагийн хуулийн төсөлд цахим худалдаа болон хүргэлтийн хяналт, цахим сурталчилгааны зохицуулалт хангалттай тусгагдаагүй байна. Иймд энэхүү хууль гарсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолд энэхүү асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
2. Электрон тамхины амт үнэрийн зохицуулалтыг тусгасан боловч импортын хяналт, бүртгэл, хилийн шалгалтын асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой зохицуулалт хангалтгүй байна аа. Хэрэв тамхинаас бусад амт үнэртэй бүтээгдэхүүнийг хориглож байгаа бол эдгээр бүтээгдэхүүний хилээр нэвтрэхээс эхлээд зах зээлд худалдах хүртэлх хяналтын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай байна. Хууль батлагдсан ч амт үнэртэй бүтээгдэхүүнд импортоор орж ирсээр л байна. Эсвэл хууль бус худалдаа нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс импортчдын бүртгэл, бүтээгдэхүүний найрлага, шошгын хяналт, гаалийн байгууллагын шалгалт, лабораторийн баталгаажуулалт зэрэг хэрэгжилтийн механизмыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна.
3. Өнөөгийн үйлчилж байгаа хуулийн 6.7.14 дэх заалтын дагуу ЕБС болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглох нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчийн холбооноос ирсэн мэдэгдэлд худалдааг хориглосны үр дүнд тамхи татдаг сурагчдын 82% нь хууль бус худалдаалагчаас тамхи худалдан авч зөвшөөрснөөс бусад газарт худалдаалах нь нийт зөрчлийн 83% эзэлж байна гэсэн мэдээлэл ярьжээ. Хууль бус худалдаа далд хэлбэрт шилжиж хяналтгүй өргөжин тэлж байна гэсэн цагдаагийн байгууллагын мэдээллийг мөн дурджээ. Энэ заалт өсвөр насны тамхины хэрэглээг хязгаарлах бус харин ч эсрэгээр далд эдийн засаг руу хөшүүрэг болж байна гэж үзжээ. Иймд энэ асуудлыг бас онцгой анхаарах цаг болжээ. Эцэст нь хэлэхэд ажлын хэсэг болон Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт тооцоо зарим асуудлаар өөр өөр байсан. Иймээс бие биеийнхээ байр суурийг хүндэтгэж, шинжлэх ухааны нотолгоо, нийгмийн эрүүл мэндийн ашиг сонирхолд тулгуурласан хамгийн оновчтой шийдвэрийг гаргана уу гэж хүсэж байна.