Үйл явдал2 мин унших
Р.Сэддорж: Дэлхийн сайн жишээнүүд олон бий!

Интернэт байтугай телевиз ч өргөн хэрэглээнд ороогүй үед радиогоор хичээл зааж, алслагдсан иргэдэд боловсрол хүргэж байсан туршлага дэлхийн олон оронд бий.
Австралид л гэхэд алслагдсан нутагт амьдардаг хүүхдийг сургуульд авчрахын тулд гэр орныг нь нүүлгэхгүйгээр сургуулийг нь хүүхдэд хүргэх шийдлийг 1951 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Радиогоор эхэлсэн энэ тогтолцоо өнөөдөр өндөр хурдны интернэт, видео хичээл бүхий боловсролын систем болон хөгжжээ.
Латин Америкт ч радио сургалт Колумбын Сутатенса хотод эхэлж, хөдөө орон нутгийн иргэдэд бичиг үсэг, тооны анхан шатны боловсрол хүргэх “радио сургууль”-ийн хэлбэрээр хөгжсөн түүхтэй.
Улмаар энэ туршлага Андын бүс нутгийн олон оронд тархжээ.
Өнөөдөр технологи хөгжсөнөөр энэ боломж улам өргөжсөн. Тухайлбал, Их Британийн Open University-ийн мэдээллээр тус сургуулийн суралцагчдын 69 хувь нь бүтэн болон хагас цагаар ажиллахынхаа хажуугаар суралцдаг.
Хүмүүс ажиллаж байхдаа ч, өөр хотод амьдарч байхдаа ч, амьдралынхаа нөхцөлд тохируулан суралцах боломжтой болсон байна.
Боловсрол хүний амьдралын нөхцөлд нийцэх ёстой, харин хүний амьдрал боловсролын хэлбэрт заавал нийцэх шаардлагагүй шүү дээ!
Манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэр, малчин өрхийн амьдралын онцлог, отор нүүдэл зэрэг нь хүүхэд бүрийг нэг ижил нөхцөлөөр сургахад хүндрэл учруулж байна!
Бага боловсролыг малчдын хүүхдэд гэр, танхим гэсэн сонголттой болгох нь олон эерэг үр дүнг авч ирнэ гэдгийг малчид илэрхийлсээр байна. Мөн энэ нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн систем юм.
Нобелийн шагналтнууд, удирдагчид, олон арван эрдэмтэд, гэр, зайны сургалтаар өндөр боловсрол эзэмшсэн түүхүүд олон байдаг байна.


