#Тойрог1 мин унших
СХД нийслэлийн хэмжээнд анх удаа өөрийн төсвийн хөрөнгө оруулалтаар ангиографийн тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартын шаардлагад нийцсэн Герман улсын Siemens healthineers үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн ангиографийн 2 толгойт аппаратыг өнөөдөр /2026.09.10/ ашиглалтад орууллаа. Тус аппаратыг дүүргүүдээс анх удаа өөрийн төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж байгаагаараа онцлог юм.
Ангиографийн аппарат нь судсан дотуур оношилгоо эмчилгээг зэрэг хийж зүрх судас, захын судасны эмболизаци, интервенцийн ажилбарууд, тархины судас, бөөр, элэг, хэвлийн судасны онишилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг цаг алдалгүй Сонгинохайрхан дүүргийн 350 гаруй мянган иргэдэд үзүүлж, олон хүний амь насыг аврах, өвчнийг эрт оношлох, үр дүнтэй эмчилгээ хийх боломж бүрдэж байгаад баяртай байна.


Иргэдэд энэ үзлэг оношилгоог хүртээмжтэй хүргэхийн тулд даатгалын санхүүжилтэд оруулах болсноо нээлтийн үеэр Даатгалын ерөнхий газраас илэрхийллээ. Ингэснээр иргэд маань 3-р шатлалын эмнэлэг рүү явж цаг алдалгүй, дүүрэг дээрээ оношилгоо, эмчилгээндээ орох боломж бүрдэж байна.
Шинэ бүхнийг эрэлхийлж, шинэ технологи бүрийг эмнэлэгтэй нэвтрүүлж ажилладаг дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо цаашдынх нь ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье.

Сэтгүүлч Ц.Соёлмаа


