Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: Намууд төсвөө сахилга баттай байлгана гэж амлаж сонгуульд ялалт байгуулдаг!

УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан гишүүн дараах байр суурийг илэрхийллээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх 2010 онд батлагдаж байсан гэдгийг гишүүд маань хэлж байна. Тухайн үед уул уурхайн түүхий эдийн зах зээлийн үнийн өсөлт эдийн засагт тийм хүчтэй савлагаа өгдөг, анхны шокуудыг Монголын эдийн засаг мэдэрч байсан тэр цаг хугацаа. Тухайн үеийн парламентын гишүүд байгалийн баялгийн орлогыг бүгдийг нь нэг дор зарцуулж болохгүй , үнийн савлагааг төсөвт ингэж шууд дамжуулах нь осолтой. Тиймээс орлого өссөн үед хуримтлал үүсгээд хамгаалалт хийгээд явах ёстой гэдгийг ойлгож байжээ.

Гэвч 2010 оноос хойш энэ хуульд 22 удаа өөрчлөлт орсноор энэ хамгаалалт үндсэндээ ажиллаагүй. Манай энэ парламент ч гэсэндээ сонгогдсон даруйдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилсөн. Маш том өөрчлөлт тухайн үед оруулж байсан. 2024 оны 8 дугаар сард ээлжит бус чуулган зарлаж байгаад олон намын хамтарсан ЗГ байгуулж байна  гээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилсөн. Тухайн үед миний хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх ёстой гэдэг зарчмын байр сууриа илэрхийлээд Г. Тэмүүлэн гишүүнтэй хамт зарчмын зөрүүтэй санал гаргаад харамсалтай нь цөөнх болоод явж байсан.

Ноднин бид энэ хуульд өөрчлөлт оруулсан, одоо дахиад өөрчлөх гэж байна. Төсвөө дүрэмдээ тааруулахын оронд дүрмээ төсөвтөө тааруулдаг жишгийг халах ёстой. Энэ удаагийн өөрчлөлтөөр өмнөх алдаануудаа засах боломж байсан. Даанч дахиад эрсдэлтэй алхам хийж байна. Тухайлах юм бол 7.5 дугаар заалтыг хүчингүй болгож байгаа нь төсвийн хүрээний мэдэгдлийн ач холбогдлыг үгүй хийж байна. Би уг нь энэ заалтыг хасаж болохгүй гэдэг агуулгаар зарчмын зөрөөтэй санал гаргасан боловч харамсалтай нь дэмжигдсэнгүй. 

Анхны хэлэлцүүлгээр мөн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ ДНБ-ий 2%-аас хэтрэхгүй байна гэсэн заалтыг 3% болгосон өөрчлөлт дэмжигдсэн. Энэ өөрчлөлтийг байнгын хороон дээр дахиж зарчмын зөрөөтэй санал гаргаж байж залруулсан. Энэ саналыг дэмжсэн Байнгын хорооны гишүүддээ талархал илэрхийлье . Мөн чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ ДНБ-ий 2%-аас илүүгүй байна гэдэг саналыг дэмжиж өгөхийг хүсье .

Б.Жаргалан: Намууд төсвөө сахилга баттай байлгана гэж амлаж сонгуульд ялалт байгуулдаг!

Улс төрийн сонгууль болохлоор улс төрийн намууд төсвийн сахилга бат ярьдаг болчихдог. Төсвөө сахилга баттай байлгана гэж ам амлаж сонгуульд ялалт байгуулдаг. Ялаад гараад ирчихсэнийхээ дараа байнга төсвөө тэлдэг, зарлагаа нэмэгдүүлдэг, өрөө нэмэгдүүлдэг, хуулиа өөрчилдөг. Уг нь алдаа сургамж болоод үлдэж болно. Даанч 10 жил давтагдсан алдаа ердөө хариуцлагагүй байдал гэж хэлж болж байна. Төсвийн тогтвортой байдлын хууль эрх баригчдын хүссэн үедээ нээж хүссэн үедээ хаадаг хаалга биш гэдгийг та бүхэндээ сануулъя. Энэ хуулийн өөрчлөлт сүүлийн өөрчлөлт байгаасай гэдгээ хэлье ээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008