Үйл явдал3 мин унших
АБГББХ: Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан 14.02 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцэж амжаагүй учраас уг асуудлыг түр хойшлуулав.
Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна.
Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна Сovid-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулав.

