Үйл явдал3 мин унших
ЁЗСХБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.25/ хуралдаан 16 цаг 25 минутад ирц бүрдсэнээр эхлэв.
Хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Эхлээд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх танилцуулгадаа ...ирэх оны төсвийн төслийг хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлж, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгаа тэлэх, төр зардлаа танаж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг богино хугацаанд хийж, үр дүнд хүрэх шинэчлэлийн томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана гэж дурьдлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр, ... төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг гаргахдаа төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлага бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгснийг дурьдав. Мөн дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгээс танилцуулахдаа төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нотолгоо, үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна гэв.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба



