#Шилэн хууль4 мин унших
Ирэх оны төсөв "тодотгол" хийх гэсэн тогтоолтойгоор батлагдлаа

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
#Шилэн хууль4 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад төсвийн зардлыг танаx шаардлага тавьж УИX-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энxтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага xүргүүлсэн, үүний үр дүн гарсан билээ.
УИХ-ын Г.Тэмүүлэн:
Төсөв бол эдийн засгийн салшгүй хэсэг. Иргэдийн бодит орлогыг хамгаалах, эдийн засгаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс миний бие 8 сараас хойш Засгийн газарт тавьж байгаа шаардлага хэвээрээ. Хэдий 35.8 их наядын хэт үрэлгэн төсөв олонхын саналаар батлагдсан ч ирэх оны төсөвт тодотгол хийх, үргүй зардлуудыг бууруулах эрхээ УИХ авч үлдлээ. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, төсвийн үрэлгэн урсгал зардлыг бууруулж ДАХИН төлөвлөж ТОДОТГОЛЫГ 12 сардаа багтаан оруулж ирэх үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Энэ жилийн төсөв өнгөрсөн онтой харьцуулахад 13 их наядаар нэмэгдсэн. Үүнээс 3,6 их наядыг хасах төсвийн тодотгол хийгдэхээр боллоо. Үүнийг хассан ч түүхэнд байхгүй том төсөв батлагдсан. Урсгал зардлыг нь нэлээд нэмэгдүүлсэн. Үүнийх нь задаргааг авч үзэхэд ойлгоход төвөгтэй, том зардал их байгаа. Жишээлбэл, гадаад томилолт, зочны зардал маш их өссөн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэсэн нэр тавьчихсан ч яг ямар ажил хийлгэх нь тодорхойгүй. Энэ мэтчилэн төсвийн хэт тэлэлт буцаад инфляцыг нэмэгдүүлэх магадлалтай.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал
Эдийн засаг өсөж, төсөв тэлж байгаа үед Үндэсний баялгийн сан тэр дундаа Ирээдүйн өв санд АМНАТ-ийн 65 хувийг төвлөрүүлж явах ёстой байсан. Ингэж бид ирээдүйд гарч болох аливаа эрсдэлээс сэргийлсэн хуримтлалтай болох юм. Тухайлбал, 2024-2025 онд нийтдээ 3.0 их наяд төгрөгийн АМНАТ Ирээдүйн өв санд хуримлагдаж болох байсан. Үүнийг бид цаашдаа засах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
УИХ болон Засгийн газар хүн төвтэй бодлого явуулна гэсээ зарчимтай байгаа. Энэ нь боловсрол, эрүүл мэндийн асуудал дээр анхаарна гэсэн үг. Гэтэл 2025 оны төсөв томорсон ч шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгт төсөв тавиагүй нь харамсалтай. Монгол Улсын хүн ам өсөж байхад, төсөв дээр дээрх салбарын төсвийг заавал тавиад явах хэрэгтэй. Бүсээ чангалж болох салбар гэж бий. Түүнчлэн төсөв хэлэлцэж буй процессыг өөрчлөх цаг болсон.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
2025 оны төсөвт эрчим хүчний 9 шинэ төсөл хэрэгжүүлнэ,200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Гэтэл цахилгаан эрчим хүчийг 1 мегВТ-аар өсгөнө гэсэн төсөл орж ирээгүйд сэтгэл дундуур байгаа. Тулгамдаж буй асуудлаа эрэмбэлээд эрчим хүчний жижиг эх үүсвэрээ улсын төсвөөр, том эх үүсвэрээ гадны хөрөнгө оруулалтаар хийх боломж бий.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа гэдгийг онцолсон юм.