Онцлох мэдээ2 мин унших
"Хөгжлийн бэрхшээл ба Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь" үндэсний хэлэлцүүлэг боллоо

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь" үндэсний хэлэлцүүлэг өчигдөр /2025.08.14/ боллоо.
Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар санаачлан холбогдох яам, байгууллагуудыг татан оролцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулж байгаа улсын төсөв, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.
Тэрбээр “Ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно.
Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болно” гэв.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох удирдлага, ажилтнууд оролцож, Нийгмийн даатгалын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, тэдэнд зарцуулж буй төсөв, санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.
2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан 101,038 иргэн байна гэсэн статистик тоо гарсан. Эдгээр иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2025 онд нэмэгдүүлэхээр нийгмийн даатгалын байгууллага дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд:
- Сэргээн засах тусламж хүртэмжийг нэмэгдүүлж 11 сувилалтай гэрээ байгуулан хамтран ажиллаж хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд сэргээ засах тусламж үйлчилгээг хүргэж байна.
- Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрт олгох нэг ор хоногийн зардлын хэмжээ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.
- Нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх хүрээнд Хөдөлмөрийн чадвар түр алдсан, Жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтыг бүрэн цахимжуулаад байна. Цаашлаад Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг харьяалал харгалзахгүй, цахим эрүүл мэндийн мэдээлэлд үндэслэн, санамсаргүй түүврийн аргаар цахимаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нэг ор хоногийн зардлыг нэмэгдсэн нь даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгаагаараа онцлог юм.
Нийгмийн даатгалын байгууллага 2024 онд Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан 72,621 тэтгэвэр авагчдад 448,2 тэрбум төгрөг олгосон.
Хэлэлцүүлэгт оролцогчдын илтгэлээс…




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





