#Коммент2 мин унших
Татвар төлөгчдийн мөнгөөр 93,2 хувийг бүрдэж буй улсын төсвийг үр өгөөжтэй зарцуулахад шаардаж ажиллана

Монгол Улсын 2026 оны төсвийг 9-р сарын 15-наас 11-р сарын 15-ны хооронд УИХ-аар хэлэлцэнэ. Өнөөдөр төсвийн талаар олон тоо, мэдээлэл иргэдэд хүрч байна. Иймд иргэддээ албан ёсны эх сурвалж дээр үндэслэсэн хураангуй мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа цувралаар хүргэж эхэлж байна.
Төсвийн алдагдал:
2026 оны төсөв өмнөх жилүүдийн адил алдагдалтай төлөвлөсөн. Энэ жил 3 их наяд төгрөгийн алдагдлыг гадаадын зээл, тусламжаар нөхөхөөр тусгасан. Алдагдалтай төсөв гэдэг нь дандаа муу гэсэн үг биш, заримдаа болзошгүй эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Гэхдээ төсөв хэлэлцэх явцад энэ тоо өөрчлөгдөх боломжтой.
- Орлого – 19.7 их наяд ₮
- Татварын ерөнхий газар – 10.0 их наяд ₮
- Гаалийн ерөнхий газар – 8.4 их наяд ₮
- Төрийн өмчийн орлого болон бусад эх үүсвэр
Улсын төсвийн 93.2% нь татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байна. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа учраас бид Ардчилсан намын гишүүдийн хувьд татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн зарцуулахгүй байхыг байнга шаардаж ирсэн. Энэ жил ч мөн адил анхааруулж, шаардлага тавихаас аргагүй нь.
- Зарлага – 22.7 их наяд ₮
- Төсөв хамгийн өндөртэй 5 яам
Боловсрол, шинжлэх ухааны яам – 3.5 их наяд ₮
Эрүүл мэндийн яам – 3.0 их наяд ₮
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам – 2.6 их наяд ₮
Батлан хамгаалах яам – 1.7 их наяд ₮
Тээвэр, хөгжлийн яам – 1.4 их наяд ₮
Нийт: 12.2 их наяд ₮
Бусад бүх яамдын нийлбэр төсөв – 6.1 их наяд ₮
Харьцуулалт:
Топ 5 яам → нийт яамдын төсвийн 66.7%
Бусад бүх яам → 33.3%
Өөрөөр хэлбэл, иргэдийн өдөр тутмын амьдралтай хамгийн их уялдаа бүхий 5 яамны төсөв бусад бүх яамны нийлбэрээс хоёр дахин их байна. Энэ нь чиглэлээ зөв олсон алхам. Харин хамгийн чухал нь энэ мөнгө бодит амьдрал дээр үр дүнтэй, чанартай гүйцэтгэлтэй буух ёстой. Үүний төлөө УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг хатуу шахаж ажиллах болно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







