#Коммент3 мин унших
С.Эрдэнэболд: Ард түмэн бухимдаж байна!

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэллээ. Чуулганы хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "2024 оны 7 дугаар сарын 2-нд шинээр бүрдсэн парламентын гишүүд Үндсэн хууль, ард түмний өмнө дараах тангаргийг өргөсөн. Үүнд: “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн.
Иргэд бухимдаж байна. Хангалттай баялгийн эх сурвалжтай мөртөө иргэдэд хүртээмж нь очихгүй байгаад бухимдаж байна. Идэр залуус нь эх орондоо шударгаар хөдөлмөрлөөд ажилласан орлогоороо наад захын сэтгэл хангалуун аж төрж чадахгүй байгаад бухимдаж байна. Өвчин зовлон яривал бүр ч хүнд. Хавдар, утааны аюул, халтиргаа гулгаа, зам тээврийн осол гээд хүний буруутай үйлдэл, эс үйлдлээс болоод дайнтай газрын хэмжээнд иргэд нь амь хохирч байгаад тэд бухимдаж байна.
Олон жил шударгаар татвар төлөөд, тэр татвар нь дарга ангийн тансаг зугаацал болсоор тэр нь улиг болж, монголд баян ядуугийн туйл гаарч, анги давхарга болтлоо ялзарч байгаад иргэд бухимдаж байна. Татвар нь үргэлж нэмэгдээстэй. Тайлан тооцоо, ил тод байдал хумигдаж, хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдсанд иргэд ууртай байна.
Хууль шүүхийн байгууллага, шударга ёсонд итгэх иргэдийн итгэл доройтсоор байна. “Нөлөөтэй” айлын хүүхдүүдийн зугааг тэд үзэн ядаж байна. Хууль алагчлан хэрэгждэг, шүүх нь тэгш бус байна гэж тэд хардаж байна. Барин тавин шийдэгдсэн хэргүүд дээр ялгаатай шийдвэр, алагчилсан тогтоол гарсан учраас иргэд бухимдаж байна.
Хүчирхийлэл, аймшигт хэргүүд, хүний санаанд багтамгүй яргалал, урьд хожид сонсогдоогүй хэрцгийлэл гарсаар байгаад хүмүүс айдастай байна. Итгэл үгүй, айдастай хүмүүст ямар ч улстөрчийн уран гоё үг утга учиргүй байна. Зүгээр л хуулийн засаглалаа хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг тэд шаардаж байна.
Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө аль нэгэн том даргын хэмжүүрээр явцуурч байгаад хүмүүс ууртай байна!
Бодит байдлыг гажуудуулж, ард түмэнд дайсан зааж өгөөд, хэвлэл мөнгөөр хулдаж, ард түмнийг хэрүүл талцалд уриалсан хар жатга нь шийдвэр гаргалтын хэмжээс болсонд тэд ууртай байна.
Ард түмэн уужим. Яаран дүгнэлт хийдэггүй. Хэрээс хэтэрсэн шударга бус байдлыг үл тэвчсэндээ тэд уураа илэрхийлж байна. Гол асуудал бол төсөв. Хөгжлийн бодлого эрэмбэлж, иргэддээ чиглэсэн, эдийн засгийн өсөлтөө хангасан, хулгай луйврыг таслан зогсоосон ил тод төсвийг, түүний тайлан тооцоог иргэд шаардаж байна.
Бид тангараг өргөсөн хууль тогтоогчид. Өргөсөн тангаргаа үг үгээр нь санаж, утга утгаар нь ялгаж хуулийн өмнө хичээнгүй, тууштай ажиллах ёстой.
Өдөр бүр тангаргаа санаж, өөрийн үйлдэл бүрээ магадлаж явууштай. Иргэд ууртай байгаа учир, иргэд бухимдаж байгаа учир тэдгээр бухимдлын хөөстэй нь биш, шалтгаан нөхцөлтэй нь ажиллаж, хожим нэр бүтэн, үйл бүтэн явахын төлөө ажиллах ёстой. Намрын чуулган эхэлж байна. Бид хангалттай хийсвэр зүйлс ярьсан. Одоо бодит байдалтай нүүр тулж, айдастай, уур бухимдалтай нийгмийнхээ бодит чанарыг зөв үнэлж, тэр бүх асуудлыг эрэмбэ дараатай шийдвэрлэх цаг болсон. Үгүй бол тэр айдас, тэр уур бухимдал хорсол, хонзон, доройтол, сүйрэл болж дуусна. Хүмүүс ууртай байна" гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



