Байр суурь2 мин унших
З.Мэндсайхан: Төсвийн орон зай байхгүй шалтгаанаар он дамждаг төслүүдээ Хөгжлийн сангаас санхүүжүүлдэг шинэ зохицуулалттай болох санал байна
УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
2026 оны улсын төсвийг тоймлоод харвал сайн талууд байна. Төсвийн тэнцвэрийг хадгалах, орлого зарлагыг тэнцвэржүүлэх, зардлыг, алдагдлыг бууруулах чиглэлээр макро орчинд тогтвортой байдлыг үүсгэх, өрийн дарамтыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ийм эерэг нөлөө байна.
Гэхдээ бүтцийг нь аваад үзвэл эрчим хүч, дэд бүтэц давамгайлсан хөрөнгө оруулалтууддаа, ялангуяа инновац ЖДҮ-лэлийг дэмжих чиглэл маш сул байна. Тэгэхээр ЖДҮ-лэлийн хувьд төсөв дээр энэ жил 44,9 тэрбум төгрөгийг өмнөх олгосон зээлийн эргэн төлөлтөөр төлөхөөр тусгаад өгчихсөн байна аа.
Ингээд ойрын 2-3 жил ийм байдалтай яваад байгаа юм. Тэгэхээр ЖДҮ-лэлүүд бодлогын гадна үлдээд байна.Үүнийг ЗГ маань онцгой анхаараач ээ. Жишээлбэл, "Цагаан алт" үндэсний хөтөлбөр гэх мэт хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих үндэсний хөнгөлөлттэй зээл олгодог хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжиж байдаг. Гэтэл бүхэл бүтэн агентлагийн хийж байгаа ажил иймэрхүү түвшинд байгаад байдаг. Яг ЖДҮ-лэлээ дэмжсэн бодитой бодлого байхгүй болчхоод байна. Тэгэхээр агентлагийн эргэж харах шаардлага байна шүү гэдгийг хэлмээр байна.
2. Иргэнийхээ, өрхийн татварын Иргэнийхээ, өрхийн татвар дарамтыг бууруулах чиглэлээр сая хүртэлх төгрөгийн худалдан авалтыг 50% хөнгөлөөд, түүнээс дээшхийг нь 20% хөнгөлнө гэдэг их зөв зүйтэй заалт орж иржээ. Гэхдээ нөгөө талдаа ААН-үүд юу хүсэж байна гэхээр нэмэгдсэн өртгийн албан татварт хөнгөлөлтөөсөө илүүтэй жигд хамрагдах байдал юм. Шатлалдаа тавиад өгчихдөг. Заримыг нь татвараас хөнгөлөөд өгөхөөр эргээд татварын чинь дарамтыг иргэн өөрөө л төлж байгаа шүү дээ. Тэгэхээр ачааллыг бууруулах чиглэл дээр ААН-үүдийг бүрэн хамруулахад ямар бодлого баримталж байна вэ?
3. Бидэнд хөрөнгө оруулалт хийх төсвүүд дээр орон зай бага байна. Тэгэхээр баялгийн сангийн хуульдаа өөрчлөлт хийх чиглэлээр ЗГ төлөвлөж байгаа зүйл байна уу? Жишээлбэл, Ирээдүйн өв сандаа АМНАТ-аас орж ирсэн орлогынхоо бараг 65%-ийг нь хуримтлуулчхаж байгаа.
Тэгэхээр энэ хуримтлалынхаа хувь хэмжээг багасгаад Хөгжлийн сан руу хийгээд, томоохон төсөл хөтөлбөрүүдээ эндээс хэрэгжүүлээд явахад анхаарч болохгүй юу? Тэгэхгүй бол төсвийн орон зай байхгүй шалтгаанаар хөрөнгө оруулалтууд маань он дамжаад, цаг хугацаа, инфляцад идэгдээд, төсөвт өртөг нь өсөөд явдаг бүтээн байгуулалт нь сунжраад явдаг асуудал үүсээд байна. Нэгэнт Ирээдүйн өв санд хадгалж байгаа хөрөнгө чинь мөн л ирээдүйдээ зориулсан хөрөнгө тул ийм зохицуулалт байх боломжтой. Тэгэхээр Баялгийн сан дээрээ өөрчлөлт хийх чиглэлээр төлөвлөсөн зүйл байна уу?
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Г.Занданшатар нар хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





