Байр суурь2 мин унших
Д.Үүрийнтуяа: Эрдэнэтийн Говил, Рашаант багуудын сургуулийн санхүүжилт 2025 оны төсөвт тусгагдсан ч Боловсролын сайд хуулийн хугацаанд эрхээ шилжүүлж, тендер зарлаагүйгээс төсөв татагдсан
УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Өчигдөр асуусан асуулттайгаа уялдуулаад хэд хэдэн санал хэлье. 2026 оны улсын төсвийг аваад үзэхээр бид нар энэ хөрөнгө оруулалтын зардал дээр зайлшгүй анхаарах шаардлага байна. Жил болгоны төсвийн асуудлыг ярихад урсгал зардал нь хүрэхгүй, сургууль, цэцэрлэгээ барьж чадахгүй, хөрөнгө оруулалтынхаа зардлыг тодорхой түвшинд нь хүргэж чадахгүй асуудал болж байхад үнийн өсөлттэй холбоотой асуудал олон жил ужгирсаар байна. Барилга байгууламж нь дуусдаггүй, салбар болгонд. Тийм учраас Ерөнхий сайд энэ салбарынхаа бүх сайд нарт үүрэг даалгавар өгсөн албан даалгавар гаргаач ээ. Сайд бүхэн салбар салбарынхаа хэмжээнд байгаа нийт хөрөнгө оруулалтын асуудлуудыг хэдэн жил үргэлжилж байгаагаар нь ангилж эрэмбэлж за үүнийгээ хэрэгжих боломжтойг нь дуусгаад хэрэгжих боломжгүйг нь шүүх цагдаагаар яв. Хэдэн жил үргэлжлэх юм бэ?
Үндэсний аудитын газар дүгнэлт гаргасан байна лээ. Гүйцэтгэлийн аудит 100 төсөлд 194 тэрбум төгрөгт ямар ч зөрүү гараагүй гэж. Ядаж магадлал, стандарт, хазайлтаа тооцохоор магадлалын онолын дагуу 2-5%-ийн зөрүү байна. Би маш их эргэлзэж байгаа.
Эрдэнэтийн Говил, Рашаантын 2 сургуулийн бүтээн байгуулалт 2019, 20 онд эхэлсэн. Өнөөдөр хүртэл дуусаагүй. Энэ оны төсвөөс төсвийг нь хасаад хаячихсан. Сангийн сайд, П.Наранбаяр сайд ч тэр аль аль нь аудитын дүгнэлт байхгүй гээд байгаа. Уучлаарай, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн аудитын дүгнэлтээр төсвийг нь баталгаажуулчихсан. 2 жилийн хугацаа нь дуусаагүй байна. 2023 оны 10 сарын дүгнэлтээр 2024 оны төсөвт тусгагдаж чадаагүй. 2025 оны төсөвт тусгасан. П.Наранбаяр сайд аа, та эрхээ шилжүүлээгүй. Эрхээ шилжүүлэхгүй, тендерээ зарлахгүй байсаар энэ мөнгө 5 сарын 31-нээр татагдсан. Өнөөдөр эргээд энэ хоёрыгоо хасчхаж байгаа юм. Худлаа тайлбар өгөөд сууж байдаг УИХ-ын чуулганы танхимд худлаа хариулт өгөх юм бол хуулийн хариуцлагатай байх шүү сайд нар аа. 2023 оны 10 сарын 18-ны өдрийн аудитын дүгнэлт нь байгаа шүү. Энэ 2 дээр би зарчмын зөрүүтэй санал гаргана. Би танд энэ хаврын чуулган дээр асуулга явуулж байсан ч хариуг өдий болтол авч чадаагүй. Дахиад энэ 2 асуудлыг тавьж байна. Шаардлагатай бол сайдын өөрийн багц дээрээс энэ асуудлыг зарчмын зөрүүтэй санал гаргаж оруулна. Тэгэхээр улсын хэмжээнд ийм хэчнээн сургууль байна гэдгийг би аймаг болгоноор гаргаж чадахгүй байна. Тийм учраас энэ мэдээллээр УИХ-ын гишүүдийг хангаж, нэ мэдээллээ гаргаж өгөөч ээ. Ил болгооч ээ. Багцалчихсан энэ тоогоо задлаач ээ!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн






