Үйл явдал2 мин унших
ЧУУЛГАН: Төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хуулийн төсөлд зөвхөн орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон төсвийн алдагдлын дүнг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 2026 оны эхний хагаст 52.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 16.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар тус тус өсжээ.
Инфляц 2026 оны 7 дугаар сард 13.0 хувь хүрч, өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар өссөн нь өмнөх оны мөн үеэс өсөхөд хүнс, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. 2026 оны эдийн засгийн өсөлтийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг 5.7 хувь байхаар төсөөлж байна. Гишүүд уул уурхайн ил тод байдал, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, худалдааны салбарын эргэлт, төсвийн алдагдал, үнийн өсөлт, гадаад санхүүжилт, цалин хөлс, тэтгэвэрийн нэмэгдэл инфляцад хэрхэн нөлөөлөх талаар асуулт асууж, хариулт авснаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо болон холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо болон холбогдох байнгын хороодод шилжүүлэв. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төсөл нь Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын үзэл баримтлал, зорилттой нягт уялдаж байгаа бөгөөд энэ хүрээнд тэвчиж болох зардлыг бууруулан, чөлөөлөгдсөн эх үүсвэрээр ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлэх, салбар хооронд цалингийн зөрүүг арилгах юм.
Түүнчлэн “Гэрт ойрхон сургууль - хамгийн сайн сургууль” арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, стратегийн зарим барааны нөөц, хангамж, эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүйгээр нийлүүлэлтийг тогтворжуулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгож, үнийн өсөлтийг хязгаарлах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх, төсвийн болон гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, төрийн үйл ажиллагаанд хэмнэлт, таналт хийж "чөлөөлье" санаачилгын арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан байна.





