Байр суурь2 мин унших
Д.Үүрийнтуяа: Нэгэнт батлагдсан төсөвтэй уялдсан тогтоолд үг, үсгийг нэмэх нь эдийн засгийн хувьд томоохон үр дагавар авчрах эрсдэлтэй!
УИХ-ын чуулганы /2025.11.14/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг ярилцсан. Ярилцаагүй биш яригдсан. Төсвийн ажлын хэсгээс орж ирсэн тооцоо судалгаанд үндэслэж төсвийн ажлын хэсгийн оруулж ирсэн саналын дагуу бид энэ хууль тогтоомжийн төслүүд дээр ажиллаж байгаа. Зөвхөн нэг үгийн тухай асуудал биш л дээ П.Наранбаяр сайд аа! Энэ үгийн ард 400 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Төсвийн хууль дээр 520 тэрбум төгрөгөөр цалингийн асуудал нэмэгдсэн. Энэ бол багш нарынхаар тооцож, Боловсролын яам, Сангийн яам, ажлын хэсэг дээрээ хамтдаа тооцооллоо хийж багш нарын цалингийн өсөлтөөр тооцож, төсөвт оруулж батлуулсан дүн.
Энэ дээр "ажилчид" гэдэг үгийг ажлын хэсгийн хувьд дэмжээд гэдэг юм уу оруулчихад 400 тэрбум төгрөгийг хаана гаргах вэ гэдэг асуудал үүснэ. Өчигдөр Боловсролын яамны холбогдох санхүүгийн хэлтсийн дарга ирж уулзсан. Энэ асуудал дээр төсвийн тодотгол орох үеэр зохицуулаад хийе, батлагдсан төсөвтөө эхний хагас жилдээ багш ажилчдаа нэмье гэдэг зүйлийг ярьж байна лээ.
Тэгэхээр төсөв батлагдаж байхад дараагийн тодотголын асуудлыг төлөвлөж, тогтоолд оруулах нь боломжгүй байгаа юм. Тийм учраас Боловсролын яам өөрөө энийг зохицуулалт хийх боломжтой бол тэрийгээ Засгийнхаа түвшинд дотооддоо хийх нь зүйтэй. Нэгэнт батлагдсан төсөвтэй уялдуулж гарч байгаа тогтоолын хувьд үг, үсгийг нэмэх нь эдийн засгийн хувьд бол томоохон үр дагавар авчрах эрсдэлтэй байгаа гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй!
Эх сурвалж:
Vip76.mn




