Үйл явдал7 мин унших
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.11) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 12 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр болов.
Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Учрал холбогдох танилцуулгыг хийв.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл буюу төлөвлөлтийн тус баримт бичгийн төслийг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан судалгаа, шинжилгээнд тулгуурлан, зорилго, зорилт нь хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт нь зорилгодоо нийцсэн, төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байдлаар бүх талын оролцоог хангаж нийт 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран боловсруулалтыг хийжээ.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл нь “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг тодорхойлсон байна.Эдгээр үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлсон нь олон улсад хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтыг биелүүлэх, нөгөө талаас уг баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад чухал алхам болсон хэмээн төсөл санаачлагч үзсэн аж.
Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тодорхойлж тусгасан байна. Тухайлбал, чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх; хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх; эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр тусгажээ. Мөн эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр; боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар; анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59 оноонд хүргэхээр тус тус тооцсон байна.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох; бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх 50 орны нэг болох боломжтой хэмээн үзжээ.
Түүнчлэн Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ хэмээн тооцсон байна.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан бөгөөд түүнд хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан болохыг Н.Учрал сайд танилцууллаа.
“Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 10.3 их наяд төгрөгийг, 2027 онд 14.4 их наяд төгрөгийг, 2028 онд 14.9 их наяд төгрөгийг, 2029 онд 9.1 их наяд төгрөгийг, 2030 онд 6.4 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
Тус төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу 3 төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу 2 төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу 3 төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу 1 төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нийт 14 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Шинжлэх ухааны академийн Бага болон Их чуулганаар хэлэлцүүлсэн нь шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулахад онцгой ач холбогдолтой болсон хэмээн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд онцолсон.
Олон нийтийн хэлэлцүүлэгт шүүх засаглалын байгууллага, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, нийт 644 санал гаргасан байна.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Л.Соронзонболд, М.Энхцэцэг, П.Батчимэг, Г.Очирбат, Ж.Золжаргал, М.Мандхай нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хэдэн хувийг, хэр хугацаанд хэрхэн хувьчлах талаарх асуултад “Цаашид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах ажлуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулна. Төслийн 3 дугаар хавсралтын 7.3.5 дээр компанийн засаглалын үнэлгээний дунджийг тооцдог болох зорилтыг дэвшүүлээд, ирэх таван жилд тооцсон түвшнээс 3 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан” хэмээн Н.Учрал сайд хариулсан бол С.Бямбацогт сайд “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ төрийн өмчийн 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 60 мянга орчим ажилтан ажиллаж байна. Орон нутгийн өмчит 350 компанид 20-иод мянган ажилтан ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд нийтдээ 58 орчим их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 2024 оны жилийн эцсийн байдлаар 25-26 их наяд орчим төгрөгийн орлого олсны 5.8 их наяд төгрөг нь цэвэр ашиг байсан.
Үүнийг 2023 онтой харьцуулахад орлого 10 хувиар, цэвэр ашиг 15 хувиар нэмэгдсэн” гэж үндсэн мэдээлэл танилцуулсан. Улсын Их Хуралд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгааг тэрбээр дурдаад батлагдсан тохиолдолд түүнд нийцүүлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж, бүтэц зохион байгуулалтыг өөрчилнө гэв. Үүний зэрэгцээ 2026-2028 онд өмч хувьчлах үндсэн чиглэлийг энэ чуулганы хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа ба холбогдох шийдвэрт тулгуурлаж төрийн өмчит компаниудын алийг, хэрхэн хувьчлах асуудлыг шийдвэрлэх аж. Үүнээс өмнө төрийн өмчит компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэх, цомхон болгож, үйл ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах, ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгааг С.Бямбацогт сайд хэлсэн.“Уул, уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах замаар салбарыг хөгжүүлнэ” гэсний хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар, ашиглагдаж байгаа ордуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц нь тогтоогдсон ордуудыг эргэлтэд оруулах чиглэлээрх арга хэмжээний талаар гишүүд тодруулсан.
Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх тогтолцоог шуурхай, оновчтой болгох, хариуцлагын механизмыг тодорхой болгосон эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулснаа Засгийн газрын маргаашийн хуралдаанд танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж байгаа хэмээн Н.Учрал сайд хариултдаа тэмдэглэсэн. Үргэлжлүүлэн гишүүд Монгол Улсын ДНБ-ий хэмжээнд эзэлж байгаа салбаруудын хувийн жингийн өөрчлөлтийг үндсэн чиглэлийн төсөлд тусгах боломжтой байсан эсэхийг, Эдийн засаг, хөгжлийн яамнаас инфляцыг хянах зорилгоор салбар дундын зохицуулалтыг хийх талаарх бодлогын арга хэмжээг үндсэн чиглэлийн төсөлд тусгах боломжтой байсан эсэхийг, төрийн албыг цомхон бүтээмжтэй болгох төсөл дэх арга хэмжээний талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн өөрчлөлтийн талаар тодруулж, хариулт авсан.
Эх сурвалж:
Vip76.mn





