#Тойрог2 мин унших
Хонгор нутгийнхаа хамгийн хойд захын сум Гурванбулагт ирлээ

Хангайн нурууны сарьдаг уулс сүндэрлэж, цэнгэг уст гол мөрөн эх аван урсдаг, эмчилгээний гайхам чанартай рашаан булаг оргилсон бүс нутагт оршдог тус сум 2024 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Жилийн 365 хоногийн бараг 300 өдөрт нь хасах градустай байдаг тус суманд өнтэй сайхан өвөл болж байна. Цас багатай, агаарын дундаж хэм 20 орчим градус байгаа болохоор нутгийн түмэн тав тухтай, сэтгэл санаа өөдрөг байгааг мэдрэх сайхан байлаа.


Хонгор нутгийн минь аль ч сумын төр, захиргааны удирдлага, иргэдэд хөгжин дэвших, сурч хөгжих эрмэлзэл дүүрэн байгаа нь маш тод мэдрэгдэж буйд олзуурхав. Сум орон нутгаас эмч, сувилагч, багш, бизнес эрхлэгч, малчин, төрийн албан хаагчдыг гадагш нь явуулж туршлага судлуулах, шинэ мэдлэг эзэмшүүлэх нь чухал гэж би үздэг. Тиймээс энэ чиглэлээр тойрогтоо хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Гурванбулагаас энэ онд малчин эмэгтэйчүүд болон бусад мэргэжилтнүүдийг дээрх төслүүдэд хамруулна. Бас тус сумаас 5 хүүхдийг ОХУ-д инженер, техникийн чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, сургахаар тохирлоо.


Баянбулаг, Гурванбулаг сум мөнх цэвдэгтэй. Ийм нөхцөлд сум суурины дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг хэрхэн шийдэх, газрын гүний дулааныг ашиглах чиглэлээр гаднын мэргэжилтнүүдийг урьж авчран, судалгаа шинжилгээ хийлгэж, шийдэл гаргахаар боллоо. Суманд тулгамдсан асуудал цөөнгүй байна. Эрүүл мэндийн төвөө шинэчлэх, арьс шир, ноос, ноолуур, хөөврийн жижиг, дунд үйлдвэртэй болох, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх танхим, талбай байгуулах зэрэг нутгийнхны тавьсан хүсэлтүүдийг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллах болно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
