#Тойрог2 мин унших
Баянхонгор аймгаа бүтэн тойроод Эрдэнэцогт суманд ажиллав

Хангайн нурууны өндөр сүрлэг уулсын өвөрт оршдог тус сум аймагтаа хамгийн олон хүн амтай. Сарлаг үхрийн уугуул нутаг. Сүү, цагаан идээ боловсруулах арвин баялаг уламжлалтай. Эрхэт хайрхан, Түйн гол, Шаргалжуутын рашаан гээд хол ойрд цуутай үзэсгэлэнт байгаль, уул устай. Сумын ажил үйлс өрнүүн, амжилт ололт багагүй, хөгжлийг зорьсон идэвх эрмэлзэл дүүрэн байгааг сумын Засаг дарга Б.Энхбаатар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Овоо, Баянцагаан, Галуут, Шинэжинст, Эрдэнэцогт суманд 8 айлын орон сууц барихаар шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийг хамгийн түрүүнд, амжилттай хэрэгжүүлсэн сум нь Эрдэнэцогт болж байна. Ингэхдээ өөрсдийн нөөц боломж, бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг үр дүнтэй ашиглаж, 8 биш 12 айлын, 3 давхар орон сууц барьжээ. Биднийг очиход барилга угсралтын ажил дуусаж, цахилгаан, дулаанд бүрэн холбосон байв.
Энэ сайн туршлагыг бусад сум судалж хэрэгжүүлэх буй за. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, улсын дэмжлэг харж суулгүйгээр засаг, төрөөс хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг идэвхжүүлэн дэмжих, орон нутгийнхаа хүч нөөцийг нэгтгэх нь сайн үр дүнд хүргэж буйн нэг жишээ энэ юм.
Эрдэнэцогт суманд “Сумын төвийн шинэчлэл” төслийн эхний шат хэрэгжсэн. Төрийн үйлчилгээний шинэ байр, барилгууд баригдаж, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсонд нутгийн иргэд ам сайтай байна. Дараагийн шатанд айл өрхүүдээ нэгдсэн сүлжээнд холбох зорилготой байгаа гэнэ.
Тус сум аймгийн төвөөсөө ердөө 28 км зайтай. Тиймээс Баянхонгор-Эрдэнэцогтыг холбосон засмал замын ТЭЗҮ хийлгэх, зарим багуудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, ирэх онд 100 жилийн ойгоо тэмдэглэх ЕБС-ийн хичээлийн шинэ байр бариулах зэрэг саналууд тавилаа.

Тэдгээрийг аймгийн удирдлагуудтай хэлэлцэн зөвшилцөж, Хангайн бүсийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан ажил хэрэг болгох асуудлыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
