#Тойрог2 мин унших
Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо

Одоохон...
#Тойрог2 мин унших

Залуучуудтай уулзсаныхаа дараа аймгийнхаа эмэгтэйчүүдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Манай аймгийн бүсгүйчүүд дайчин, цоглог хүмүүс. Цөөнгүй жил хамтарч ажилласан, ажил төрлийн байнгын хэлхээ холбоотой байдаг олон эмэгтэй уулзалтад ирэв. Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Алтанцэцэг үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.


Тус зөвлөл 19 сум, 7 байгууллагад салбар зөвлөлтэй, Охидын болон Залуу эмэгтэйчүүдийн клуб, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан зэрэг 10-аад төрийн бус болон үүсгэл санаачилгын байгууллагын төлөөлөлтэй юм байна. Аймгийнхаа 46.0 мянга шахам эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. 2026 онд “Ээжүүд ба соёл” гэсэн уриан дор олон чухал арга хэмжээ өрнүүлэхээр төлөвлөжээ.
Бидний яриа ч энэ сэдвийн хүрээнд өрнөлөө. Эмэгтэй хүн даруухан, дотоод эрчимтэй, зөөлөн хүч байх ёстой гэж би боддог. Улс орны ирээдүй ээжүүдээс ихээхэн хамаарна. Гэр бүлийн орчинд хүүхдээ зөв монгол хүн болгон өсгөж хүмүүжүүлэхэд ээжүүд маш чухал үүрэгтэй.

Бүхнийг багшид даатгадаг, тэгсэн хэрнээ багшийг сав л хийвэл буруутгадаг, багшаас хүүхдээ өмөөрдөг, үр хүүхдээ хараа хяналтаасаа гадуур орхидог өнөөгийн буруу жишгийг халах ёстой. Нөгөө талаар эмэгтэйчүүд бие биенээ хүлээн зөвшөөрдөг, бусдыг уучилдаг, өршөөдөг, энэрдэг соёлыг эзэмшмээр байна. Эмэгтэй хүн архидалт, тамхидалтаас ангид байх ёстой. Эдгээр асуудлаар бидний санаа бодол яв цав нийцэж байлаа. Энэ хүрээнд хийх ажлаа ч ярилцлаа. Аймгийнхаа эмэгтэйчүүдийг шинэ мэдлэг эзэмших, манлайллын ур чадварт суралцахад нь цаашид ч дэмжинэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.
