Үйл явдал1 мин унших
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баян-Овоо сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна. Тус сум энэ жил түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх аж.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Жижиг, дунд үйлдвэрлэлийг, ялангуяа арьс, шир боловсруулах чиглэлийг хөгжүүлэх зорилт оновчтой санагдлаа. Малын түүхий эд арвин боловч ашиг шим багатай хэвээр байгаа нь иргэдийн санааг зовоож байна. Хонины нэхий, адууны шир үнэгүйдэж, үхрийн ширийг дутуу ашиглаж буй өнөөгийн байдал үүнийг тод харуулж байна. Гэвч арьс, шир, ноос ноолуур төдийгүй эвэр, туурай, шөрмөс зэрэг дайвар бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй хэвээр байна. Иймд стандартад нийцсэн боловсруулалтыг нутагтаа хийж чадвал экспортын бодит боломж бүрдэнэ.
Мөн Хоолтод төмс, хүнсний ногоо тариалж байсан уламжлалыг сэргээх зорилт чухал ач холбогдолтой. Баян-Овоо сум аймгийн төвөөс 20 гаруйхан км зайтай. Тиймээс хүнсний ногоогоор аймгийн төвийг хангах өргөн боломж бий. Эднийх удахгүй засмал замтай болно. Баянхонгор-Архангайг холбох засмал зам тус сумын нутгаар дайрах бөгөөд энэ жилээс замын ажлыг эхлүүлэхээр 10.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байгаа юм. Ингэснээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний боломжийг бодитоор тэлнэ.
Иргэд нутагтаа эзэн болж, залуус ирээдүйгээ эндээс харж эхэлж байна. Төр, орон нутаг, иргэдийн уялдаа холбоо ийнхүү бэхэжвэл тус сум бүс нутагтаа жишиг хөгжилтэй сум болж чадна” гэв.
