#Тойрог2 мин унших
Баянхонгор аймгийн Жинст сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо

Говийн бүсийн сумдад хийх уулзалтаа Жинст сумаас эхэллээ. Энэ жилийн улсын наадмын түрүүг авсан тус сумынхан нутаг ус, залуу арслангаараа бахархсан бахархлаар бялхам дүүрэн байна.

Цас бага, дулаахан, иргэдийн сэтгэл санаа өөдрөг байна. Мал нь өсөж, энэ жил 210 мянган мал тоолуулжээ. Цаашид малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацтай уялдуулсан бодлогыг орон нутагт илүү нарийн хэрэгжүүлэх шаардлага байгааг иргэдтэйгээ ярилцлаа.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Жинст суманд 14.5 мянган мод тарьж, 70 гаруй хувийн ургалттай байгааг бодлогын хувьд чухал жишээ гэж үзэж байна. Ус чийгийн хомсдолтой, говийн бүсэд мод тарих ажил шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, орон нутгийн онцлогт тохирсон аргачлалаар хэрэгжвэл бодит үр дүн өгч болдгийг энэхүү жишээ нотолж байна.

Элсний нүүдэл, шар шороон шуурга, бэлчээрийн доройтол зэрэг байгалийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн ногоон шийдлийг төрийн бодлоготой уялдуулан тогтвортой үргэлжлүүлэх нь чухал юм. Говийн бүсийн онцлогт нийцсэн ойжуулалт, бэлчээр хамгаалал, усны нөөцийн менежментийг нэг цогц бодлогын хүрээнд дэмжин ажиллана. Тодруулбал, орон нутгийн санаачилгыг санхүүжилт, хууль эрх зүйн орчноор дэмжих, амжилттай хэрэгжиж буй туршлагыг бусад сумдад үе шаттайгаар нэвтрүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарна.
Иргэдийн хөдөлмөр, санаачилга бодлогоор баталгаажиж, төрийн дэмжлэг бодит үр дүнд хүрэх ёстой. Жинст суманд хэрэгжиж буй сайн туршлага, эерэг өөрчлөлтүүдийг говийн бүсийн бүх сумдын хэмжээнд бодлогоор дэмжин, тогтвортой хөгжлийн суурь болгохын төлөө тууштай ажиллах болно.
