#Тойрог2 мин унших
Алдарт Сэгс цагаан богд, Эхийн гол, хэдэн мянганы настай Өвгөн тоорой модны нутаг Шинэжинстэд ирлээ

Хөгжлийн ирээдүйн эхлэл бүрэн тавигдсан энэ нутаг Өмнөговийн Ханбогд шиг Баянхонгорын Ханбогд нь болох юм. Эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Хотгорын нүүрсний, Баянхөндийн алт, зэсийн гээд стратегийн түвшний орд газрууд энд бий. Босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт тус сумын нутгаар дайран өнгөрнө.

Хотгорын коксын нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй "Сэкер ресорсус монголиа" ХХК Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын нүүрс тээврийн зам хүртэлх 295.1 км авто замыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлжээ. Энэ замын 68 км нь Шинэжинстийн нутагт хамаарна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавигдах Баянхонгор-Шинэжинст чиглэлийн авто замын бүтээн байгуулалт энэ оноос эхэлнэ.
Авто болон төмөр замыг дагасан, хөгжлийн ирээдүйг зорьсон нүүдэл аль хэдийнэ эхэлжээ. Зөвхөн энэ онд гэхэд 132 иргэн тус суманд шилжин ирсэн гэнэ. Алс хязгаарын, харьцангуй цөөн хүн амтай байсан Шинэжинстэд одоогоор 850-иад өрхийн 2700 шахам иргэн оршин сууж байна.

Энд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд алт, зэс, нүүрсээ экспортлоод эхэлсэн байна. Баялгийн өгөөж орон нутгийн төсөвт чухал нөлөө үзүүлж байна. Сум хөгжүүлэх сан нь 6.0 тэрбум орчим төгрөгт эргэлддэг, 2025 онд л гэхэд аймгийн төсөвт 2.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мал сүргийн бүтцэд нь ямаа, хонь, тэмээ голлодог, 195 мянган толгой малтай тус сумын иргэн С.Бямбасүрэн энэ жил 938 толгой тэмээ тоолуулжээ.
-Ингэний сүү, ямааны ноолуур, тэмээ, хонины ноос гээд малын гаралтай үнэт түүхий эддээ түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэн иргэдийнхээ ая тухтай амьдралын нөхцөлийг хангах, Эхийн голын жимс, хүнсний ногооны тариаланг өргөжүүлэх нь ойрын зорилт болж байна гэж Засаг дарга Л.Батхуяг ярилаа.

Шинэжинстийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын 9, хайгуулын 10 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон гэнэ. Эдгээрийг улс, орон нутаг, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, уралдан ухах бус, ухаалаг төлөвлөлтөөр, байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах, баялгийн өгөөж нь юуны өмнө иргэддээ хүртдэг байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ягштал мөрдөх нь зайлшгүй чухал гэж үзэж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.




