#Тойрог2 мин унших
Баянхонгор аймгийн төвд уламжлалт эмчилгээний эмч нартай уулзлаа

Баянхонгор аймгийн төвд уламжлалт эмчилгээний залуухан эмч нартай уулзлаа. Бараг бүгдээрээ “Оточ манрамба” их сургуулийн төгсөгчид аж. Эдгээр эмч нар “Ар үр манба” нэртэй холбоо байгуулж, хамтран ажиллаж байгаа юм байна.
Монгол Улсад тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигийг гаргасанд эмч нар маань маш баяртай байна.
Эрдэнэ бандида хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцан гурван зууны тэртээ Баянзүрхийн хонхор хэмээх газар өөрийн хийдээ байгуулж байсан бөгөөд энэ нь өдгөөгийн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр юм. Тиймээс Хонгор нутгийнхан өөрсдийгөө Ламын гэгээний шавьд тооцож, сүслэн биширдэг билээ.
Гэгээнтэн энэхүү хийддээ 1681 онд уламжлалт анагаах ухааны эмч, маарамба бэлтгэх анхны дэг сургуулийг Монгол нутагт үүсгэж, онол, арга зүйг үндэслэсэн түүхтэй. Тиймээс Хонгор нутгийнхан, тэр дундаа эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны салбарын ажилтнууд Ерөнхийлөгчийн зарлигийг нэн талархалтай хүлээн авсан нь ойлгомжтой юм.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хангайн бүсийг Төрөлжсөн аялал жуулчлалын дэд бүс болгож, баталсан. Энэ хүрээнд эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа Хангайн бүсэд элбэг байдаг рашаан усыг түшиглэн уламжлалт анагаах ухааны эмчилгээ, сувилгааны тогтолцоо бүрдүүлэх санаачилгыг дэвшүүлэх нь зөв юм байна гэдэгт бидний санал нэгдэв.
Эмгүй эмчилгээ, дорно дахины анагаах ухааныг дэлхий даяараа сонирхож, энэ зүгт тэмүүлж буй өнөө цагт эмчилгээний зорилгоор аялан жуулчлагчдыг Монголдоо татах өргөн боломж бий гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.
Энэхүү санаачилгын эхний алхам болгож Хангайн бүсийн уламжлалтын эмч нарын чуулга уулзалтыг зохион байгуулах, БНХАУ, Япон, Чех зэрэг улс орнуудад эмч, оточ нараа явуулж, туршлага судлуулах, шинэ мэдлэг олгох, судалгаа шинжилгээ хийлгэх зэргээр дэмжиж ажиллах бүрэн боломж бий.
