#Тойрог2 мин унших

Баянхонгор аймгийн Баацагаан суманд ажиллав

Баянхонгор аймгийн Баацагаан суманд ажиллав

Баянхонгор аймгийн сумдыг тойрон уулзалт хийж яваа манай багийнхан машиныхаа бүхээгт Төрийн шагналт, яруу найрагч, Баацагаан сумын унаган хүү Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалын хэсгээс

...Ганц хүрэн морь гарсан оройгоос эхлэн

Зүйрлэшгүй санасан нутгийнхаа зүг чигийг алдалгүй

Зүсэрсэн ширүүн бороог зүсэж сөрөн явахдаа

Байцат өндөр хэцийг бардаж давж гарахдаа

Бартаат талын арвиныг бахдаж давхин өнгөрөхдөө

Өдрийн халуун наранд өл залган амарсаар

Шөнийн бор хоногт сүүдрээ дагуулан гүйсээр

Бүтэн гурван өдөр амарч, бүхэл гурван шөнө явжээ... хэмээн аялгуулан уншиж, Бөөнцагаан нуурыг хөвөөлөн давхисаар Баацагаан сумын төвд ирлээ.

Баянхонгор аймгийн Баацагаан суманд ажиллав

Төрийн шагналт, зохиолч П.Пүрэвсүрэн, гавьяат тээвэрчин С.Зина, идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин А.Норов гээд алдартнуудын өлгий бол Баацагаан. Тус сум энэ жил Монгол Улсын хамгийн олон малтай сумын жагсаалтад 5-р бичигдсэн сайхан амжилтаар биднийг угтлаа.

Баянхонгор аймгийн Баацагаан суманд ажиллав

391.7 мянган малтай, 1000 гаруй өрх, 3000 гаруй хүн амтай тус сумынхан эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, Хэрсэнгийн талдаа төмс, хүнсний ногоо тариалах зорилт тавин ажиллаж байгаа талаар сумын Засаг дарга С.Энхтөр ярив. 1986 онд ашиглалтад орсон цэцэрлэгээ шинэчлэх, сургуульдаа их засвар хийх шаардлагатай байгаа юм байна.

Баацагаанд 2023 оноос 4.9 тэрбумын төсөвт өртөгтэй “Сумын төвийн шинэчлэл” төсөл, 9.1 тэрбумын “Шинэ суурьшлын бүс” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ч гүйцэтгэгчийн чадавх муугаас шалтгаалж, бүтээн байгуулалт үндсэндээ зогсонги байдалд оржээ.

Тиймээс эдгээр төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ, дахин үнэлгээ хийх, хэрвээ гүйцэтгэгч чадамж муутай бол гэрээг цуцлан, шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүсчээ. Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014