#Тойрог2 мин унших
Баянцагаан суманд малчин залуучуудын чуулга уулзалт болж байх үеэр ирлээ

Баянцагаан суманд малчин залуучуудын чуулга уулзалт болж байх үеэр ирлээ. Нутгийн ирээдүй болсон залуус сургалт, лекцэд хамрагдаж, мэдлэг, туршлагаа солилцож, спортын уралдаан тэмцээнээр өрсөлдөж, сумын төв өнгө гэрэл, эрчим тэмүүллээр бялхаж байгааг харах сайхан байлаа.

Хоньчин баатар Дамдины Жанар, Гомбын Манхан нарын алдартнуудын хойч үеийнхэн эрдэнэт мал сүргээ өсгөж, ирээдүйн сайн сайхныг бүтээж, өвөг дээдсийн нутгийн алдрыг өндөрт өргөж явна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.
Баянцагааныхан байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, говь нутгаа ногооруулах талаар бусдад жишиг болохуйц үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр тогтмол 500-1000 мод тарьдаг гэнэ. Тиймээс мод үрслүүлэх, тарих, арчлах чиглэлээр Япон Улсад нэг хүнийг сургалтад явуулахаар болов.
Сумын Засаг даргын Тамгын газар нь 1975 онд баригдсан, чулуун барилга байдаг юм байна. Ашиглалтын шаардлага хангахаа больсон, өвлийн цагт хүйтэн, гадуур хувцастайгаа сууж ажилладаг, мөөгөнцөр үүссэн барилгаа шинэчлэх саналыг сумын Засаг дарга Н.Гансүх тавилаа. Сүүлийн 10-аад жил яригдсан ч одоо хүртэл ажил хэрэг болоогүй байгаа юм байна.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй төрийн хэмнэлт, төсвийн үр ашгийн бодлогын дагуу төр, захиргааны шинэ байр, барилга барих, тоног төхөөрөмж худалдан авахыг тэвчих зарчим мөрдөгдөж байгаа ч гарцаагүй шаардлагатай ийм нөхцөлийг харгалзан үзэх нь зөв болов уу.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Баянцагаан сум зэргэлдээ Шинэжинст, Баацагаан, Баян-Өндөр сумдыг хамарсан Орон нутгийн хөгжлийн төв болно. Энэ төв малын гаралтай түүхий эд бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ, хөдөлмөр хөнгөвчлөх багаж, тоног төхөөрөмжийн худалдаа хийж, бирж, тээвэр, логистикийн төв байгуулах, мод тарих, ойн зурвас бий болгох гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Тэгэхээр Баянцагааны ирээдүй улам тод болж байна гэж үзэх үндэстэй.




