Үйл явдал2 мин унших
АШУҮИС -ийн говь-алтай дахь салбар анагаах ухаааны сургуульд ажиллав

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус сургуулийн багш, оюутнуудтай уулзах үеэрээ, "Баруун бүсийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэдэг тус сургуулийн үйл ажиллагаа, бодлого, зорилтод маш их талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид Дорноговь болон Говь-Алтай аймаг дахь энэ төрлийн сургуулийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана" гэв.

АШУҮИС -ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 1967 онд байгуулагдаж 59 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 6 алба, 4 тэнхим, ерөнхий боловсролын ахлах сургуууль, үүдэн эмнэлэг, эмнэлзүйн лаборатори, уламжлалт анагаахын ортой эмнэлэгтэй, 75 багш, ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн энэ хичээлийн жилд 1006 оюутан, ерөнхий боловсролын ахлах сургуулийн 56 сурагчтайгаар хичээллэж буйгаа сургуулийн удирдлагууд уулзалтын үеэр мэдээлэл өгөв.

АШУҮИС -ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 59 жилийн хугацаанд 11 мэргэжлээр нийт 10,087 мэргэжилтэн бэлтгэжээ. Хүний их эмч 900, сувилагч мэргэжилтэн 4837 хүн төгсгөсөн байна. Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын эмч нарын 65, сувилагч нарын 90, Говь-Алтайн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 85, сувилагч нарын 95 хувийг тус сургуулийг төгссөн байна.
Сургуулийн нийт оюутнуудад алсын хараатай, зорилгодоо үнэнч байж чанартай боловсон хүчин болж төгсөхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлээд сургуулийн багш, удирдлагуудад хандан тус сургуульд тулгамдаж буй асуудлууд, хөгжиж дэвших боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүхий л талууд дээр Боловсролын сайдтай хамтран ажиллахад бэлэн хэмээв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
