Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Орон сууц захиалж буй иргэдийн эрсдэлийг нь үнэлээд, урьдчилан сэргийлдэг дундын механизм бий болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Эрсдэлээс иргэдээ хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүйгээс маш олон мянган иргэд олон тэрбум төгрөгөөр хохирсон хэрэг гарсан. Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн 12 сараас хойш ажиллаад 6 сарын дараа ийнхүү хууль орж ирлээ. Яамд манлайлал үзүүлж хуулиа хурдан шуурхай оруулж ирэх ёстой байсан. 20 гаран төсөлтэй холбоотой 700 гаруй иргэний хохироод байгаа учир шалтгаан хууль эрх зүйн орчинд байна. Үүнээс сэргийлэн эрсдэлийг хуваарилсан. Гэхдээ энэ хууль  бүрэн шийдэл болж чадахгүй. Тиймээс БХБЯ Барилгын хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай оруулж ирэх ёстой.

Хамгийн гол зохицуулалт буюу эрсдэлийг хамгийн уян хатнаар зохицуулж, хааж чадах шийдлүүдийг оруулж ирээсэй гэж бодож байна. Тэр нь эрсдэлийн хуваарилалт буюу орон сууц захиалж байгаа буй иргэдийн  эрсдэлийг нь үнэлж дүгнээд, урьдчилан сэргийлэх дундын механизм байх юм. Бүртгэлээр  давхардуулж олгох буюу банкны барьцаанд өгчихөөд иргэнд давхар өгөх  асуудал буурна. 

Мөн гол асуудал нь мөнгийг нь авчихаад барилгаа зогсоогоод, царцаагаад 7, 8 жил болсон ч хуулиар шийдэгдэхгүй байгаа. Барилгын яам үүнд анхаарч хуулийнхаа төслийг оруулж ирээсэй гэж бодож байна. Энэ 2 асуудлыг хэлэлцүүлгийн шатанд засахад болно гэж харж байгаа.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль дээр Ү гэрчилгээнээс гадна Д гэрчилгээ гэж орж ирсэн байгаа. Үнэхээр Д гэдэг гэрчилгээг ийм дугаартайгаар оруулах гэж байгаа бол газар өмчлөх эрх дээр өгдөг Г, үл хөдлөх эд хөрөнгийн дугаар болох Х-г адилхан оруулж ирэх ёстой. Эдгээр нь даргын журмаар гардаг.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн татвартай холбоотой асуудал бий. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд барилга байгууламж болон эрчим хүчний эх үүсвэр бүхий барилга байгууламжийн татварыг 5 жилд 100%-аар хөнгөлнө гэсэн ийм асуудал орж ирж байгаа нь уг хуулийн үзэл санаатай холбоогүй. Иргэдэд очиж буй ачааллыг хөнгөлөх асуудал биш. Иргэд 2 үл хөдлөх хөрөнгө дээр татвар төлдөггүй. Дахин төлөвлөлт дээр энэ хөнгөлөлт орж ирснийг хасах ёстой гэсэн байр суурьтай байна.

Мөн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль дээр 182.5 дээр урьдчилсан бүртгэл хийлгээгүй барилга дээр захиалга авахыг хориглосон. Гэрээний эрх зүйн асуудал бүртгэл дээр орж ирж байгаа нь учир дутагдалтай. Байршил нь буруу байна. Үүнийг хориглохоор яаж хэрэгжүүлэх хяналтын систем байхгүй. Нотариатаар захиалгын гэрээ хийгддэггүй. Өөрөөр хэлбэл бүртгүүлээгүй байхдаа захиалга авчихлаа гэхэд хяналт тавих, хариуцлагажуулах механизм үгүй учраас хэрхэн шийдэх асуудлыг УИХ, ажлын хэсэг анхаарах байх аа гэж үзээд дэмжиж байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

хуулийн төслийн хэлэлцүүлэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025