#Шилэн хууль4 мин унших
Аймаг, нийслэлийн ИТХ-д төрийн албан хаагч сонгогдож болох уу?

УИХ энэ долоо хоногт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирддлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Хуулийн төслийг 2017 оны 1 сарын 02-нд Засгийн газраас өргөн барьсан бөгөөд хэлэлцэх эсэхийг хэлэлцэх асуудлаар Ардчилсан нам завсарлага аваад байсан юм.
Уг хуулиар аймаг, нийслэлийн ИТХ-ын гуравны нэг нь төрийн албан хаагч байж болно гэсэн өөрчлөлтийг оруулж байгаа юм.
Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтэцийг харгалзан хуулиар харилцан адилгүй тогтоодог. Тодруулбал, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заасан байна.
Хууль санаачлагч Засгийн газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна гэж үзжээ.
Хуулийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүд төрийн албаны ажилтан ИТХ-д орох нь зөв, буруу талаар байр сууриа илэрхийлсэн. ИТХ-д төрийн албаны ажилтан орж ажиллах нь нутгийн өөрөө удирдах зарчим алдагдана гэж зарим гишүүд үзэж байсан бол төрийн албаны ажилтан орж ажиллах боломжийг бүрдүүлэхгүй бол ИТХ-ын төлөөлөгчдийн чадвар дутмаг байна гэсэн байр суурьтай байсан юм.




