Үйл явдал3 мин унших
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Монгол Улсын засгийн газраас /2022,12,15/-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх хуулийн төслийг өргөн барилаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Төрийн бүтээмжийн сэргэлт”-д авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах зорилт, арга хэмжээ тусгагдсан. Дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх үүднээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолохтой холбоотой нэмэлтийг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулав. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж, улсын төсөвт төвлөрүүлдэггүй байдлыг халж, уг хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор тусгасан байна.
Сэтгүүлч soyolmaa
