Үйл явдал6 мин унших
Тайлангийн аудитын асуудлаар 38.0 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал6 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Салбарын нийт төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа бол ажлын бодит гүйцэтгэл 68.9 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан 15, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй 25 төсөл, арга хэмжээ байгааг Улсын Ерөнхий аудитор мэдээлэв.
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд төсөл, арга хэмжээний 2022 оны санхүүжилт 97.4 хувьтай байгаа боловч ажлын бодит гүйцэтгэл 82.5 хувьтай, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй төсөл, арга хэмжээний тоо 70 байна.Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гурван байгууллагын тайлангийн аудитын асуудлаар нийт 195.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бол Нийгмийн даатгалын сантай холбоотой 36 байгууллагын тайлан нэгтгэсэн тайланд нэгтгэгдсэнээс 32-т нь дүгнэлт гаргаж, дөрвөн байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 32 байгууллагын 31-д “Өөрчлөлтгүй”, нэгд “Хязгаарлалттай” гэсэн дүн тавьж, санхүүгийн тайлангийн аудитын асуудлаар 174.6 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс 174.0 тэрбум төгрөгийн зөрчилд 33 албан шаардлага, 600.0 сая төгрөгийн зөрчилд 38 зөвлөмж хүргүүлж, 6.6 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн 12 акт тогтоосон байна. Нийцлийн хувьд 7.1 тэрбум төгрөгийн зөрчил, нягтлан бодох бүртгэл, тайлагналын 300.0 сая төгрөгийн алдаа илрүүлжээ.
Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цааш танилцуулахдаа, төсвийн ерөнхийлөн захирагч нар хэрэгжүүлсэн хөтөлбөр, тэдгээрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгаад анхаарах шаардлагатай дурдав. Түүнчлэн, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй байлгах зорилгоор төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулсан ч өсгөн нэмэгдүүлэх боломжийг ашиглаагүй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл байршуулаагүйгээс Засгийн газрын хэд хэдэн тусгай сангаас иргэн, хуулийн этгээдэд давхардуулан зээл олгосон нь чанаргүй болох эрсдэл нэмэгдэж байна гэлээ.
Мөн, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй, гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгжээс хөрөнгө оруулалтад хяналт тавихгүй байгаагийн дээр төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж бууруулж байгааг анхааруулсан юм.

Аудитаар илэрсэн зөрчилд тогтоосон акт, албан шаардлагыг хэрэгжүүлэх чиглэлээр дээд албан тушаалтанд нь тухайн албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлагыг өгдөг, үүний дагуу зохих хариуцлагыг хүлээлгэх асуудлыг шат шатны төсвийн одоо ерөнхийлөн захирагч нар, Засгийн газар дотооддоо зохион байгуулаад явах боломжтой хэмээн Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хариулсан юм. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим заалт тодорхойгүйгээс үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй байгууллагууд байгааг аудитаар тогтоож, агаарийн тээврийн сонгон шалгаруулалт, томилгоо болон цахим дэлгүүрийн худалдан авалт зэрэг хуулийн зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулсан талаар Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг мэдээлэв.
Мөн тэрбээр, 2011 онд шавыг нь тавьж ажлыг нь эхлүүлсэн Геронтологийн үндэсний төвийн барилгын талаарх Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагийн асуултад хариулахдаа, 6.0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт оруулчихсан тус барилга шаардлага хангахгүй байна гэсэн аудитын дүгнэлтийг жил болгон гаргаж, танилцуулж байсан бөгөөд өнгөрсөн онд хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэсэн юм.Аудитын зөрчилд тооцох хариуцлагын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар хариулахдаа, холбогдох арга хэмжээг авч, зарим асуудлыг хууль, шүүхийн байгууллагад, шаардлагатай тохиолдолд Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн талаар тайлбар хийсэн юм. Сумдын эрүүл мэндийн байгууллагуудын тайланг сайдын багцад нэгтгэж байгаа ч томилгоог нь сумын Засаг дарга нар хийдэг учир шууд арга хэмжээ авах боломжгүй байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дурдлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өнөөдрийн байдлаар 18.0 тэрбум орчим төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулж, Үндэсний аудитын газраас тус санд өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд яам хяналт тавьж байна гэв.
