Онцлох мэдээ10 мин унших
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөллөө

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ10 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Тэрбээр, Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэн тэргүүнд онолын мэдлэг, Үндсэн хууль, судалгааны ажлын туршлагыг, удаад нь хууль тогтоох, гуравдугаарт гүйцэтгэх, дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийн салбарт ажилласан мэдлэг, туршлага, ур чадварыг үндэслэн Улсын Их Хурлаас Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгааг танилцуулгадаа онцлов.
Нэр дэвшигч 2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, Экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөхөөр, 2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Л.Өлзийсайхан нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад Улсын Их Хурлын гишүүдийг мэдээлэл, судалгаагаар хангах ажлыг хариуцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх үндсэн шаардлагыг хангаж байгаа, хууль зүй, эрдэм шинжилгээний судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт 25 жил хууль, эрх зүйн мэргэжлийн ажлаа нэр төртэй эрхэлж буй Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж байгаагаа Г.Занданшатар дарга ийн танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын дагуу Одонхүүгийн Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулж буйг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг хуралдаанд танилцуулав.
Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгоп Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн I дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэциин гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Л.Өлзийсайханыг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосныг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт санал, дүгнэлтдээ онцлохын зэрэгцээ нэр дэвшигчдийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай болон Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа. О.Мөнхсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна гэв.Нэр дэвшигчийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлсэн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, "Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн хяналтаар мэргэшсэн монголын цөөхөн эрдэмтэн, судлаачдын нэг" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт "Нэр дэвшигч Э.Энхтуяа нь хууль зүйн салбарт 20 гаруй жил ажилласан маш туршлагатай, чадвартай боловсон хүчний нэг" хэмээж байв.Гишүүд нэр дэвшигчдээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол улс төр, бусдаас хараат бусаар ажиллаж чадах, эсэхийг илүүтэй тодруулж байлаа.
Нэр дэвшигч Л.Өлзийсайхан хариултдаа, "Үндсэн хуулийн зорилго, зориулалт нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршдог. Иймд Үндсэн хуулийн үзэл санаа, Үндсэн хуулийн заалт бүрд шингэсэн тэр хэм хэмжээ, түүний агуулгыг тайлбарлан хамгаалдаг оюун ухааны онолын шүүх бол Үндсэн хуулийн цэц гэж үздэг. Тийм учраас миний бие нэгдүгээрт Үндсэн хуулийн зарчим, хоёрдугаарт Үндсэн хуульд, гуравдугаарт мэргэжилдээ үнэнч ажиллана” гэж байлаа. Мөн "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага гэж тодорхойлсон. Гол амин сүнс нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж хуульчилсан байдаг. Үндсэн хуульд цэцийн гишүүн нь захирагдаж ажиллана, аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус ажиллана" гэдгээ онцолсон.
Мөн нэр дэвшигч Э.Энхтуяа хариултдаа, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол Үндсэн хуулийг чандлан сахиулах хүрээнд хууль дээдлэн ажиллана. Хууль зүйн салбарт 23 гаруй жил ажиллах хугацаандаа хууль дээдлэх зарчмыг барьж ажилласан” гэдгийг тодотгосон бол нэр дэвшигч О.Мөнхсайхан, "1992 оны Үндсэн хууль нь өмнөх хуулиудаас ялгаатай нь Үндсэн хуулийг тунхаг төдий биш амьдралд хэрэгждэг, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хууль тогтоогчид хүний эрх болон эрх зүйт төрийн зарчмыг баталгаатай хэрэгжүүлдэг механизмыг бүрдүүлсэн. Миний бие Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, чадвараа дайчлан, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдаж, хараат бус төвийг сахин ажиллана" хэмээнн хариулж байлаа.