УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах асуултыг Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас асуулаа.
1. Засгийн газрын өсөлтийн таамаглалтай холбоотойгоор 2026-2028 онд эдийн засаг 6–6.5 хувиар тогтвортой өснө гэж тооцож буй нь хэт өөдрөг төсөөлөл байж болзошгүй харагдаж байна. Уул уурхайн төслүүдийн гадаад зах зээл болон геополитикийн нөхцөл байдалтай холбоотой эрсдэлийг хангалттай олон талаас нь тооцсон эсэх.
2. Түүхий эдийн үнийн савлагааны нөлөөлөлтэй холбоотойгоор төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлж байна. Ийм нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом савлагааг харгалзан үзэж, бага үнэ болон багц хэмжээний хувилбаруудыг тооцсон стресст тест хийсэн эсэх тодорхойгүй байна. Энэ талаар тодруулж өгнө үү. Хэрэв ийм тооцоо хийгдээгүй бол төсвийн орлогын төлөвлөлтийг эмзэг байдалд хүргэх эрсдэлтэй гэж харж байна.
3. Зардлын бүтэц болон хязгаарлалтын асуудлын хүрээнд урсгал зардлыг ДНБ-ий 24 хувийн түвшинд хүргэсэн байгаа хэдий ч төсвийн үр ашгийг дээшлүүлэх, институц хоорондын үр дүнтэй хуваарилалтыг хангах тодорхой зохицуулалтын механизм дутмаг байгаагаар харагдаж байна. Энэ хүрээнд тандалтын задаргаа тодорхой бус байгаа тул уг асуудлаар тайлбар, тодруулга өгнө үү.
4. Өрийн удирдлагын сорилттой холбогдуулан 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027 оноос 45 хувийн түвшинд барина гэж төлөвлөсөн байна. Гэвч нуугдмал өр, төрийн өмчит компанийн баталгаа болон концессын эрсдэл зэрэг хүчин зүйлс бүрэн тусгагдаагүй байх магадлалтай харагдаж байна. Энэ талаар тодруулга өгнө үү.
5. Хөрөнгө оруулалтын эрэмбэ тогтоох аргачлалын хүрээнд энэхүү төсвийн төсөлд туссан 9.6 их наяд төгрөгийн хүрээнд 1200 гаруй хөрөнгө оруулалтын саналд олон улсын жишиг шалгууруудыг хэрхэн баримталсан талаар тодруулж өгнө үү. Хэрэв өрийн тогтвортой байдлын шалгуур бүрэн хэрэглэгдэхгүй бол төсвийн хөрөнгө үр ашиггүй хуваарилагдах эрсдэл үүсэж болзошгүй байна.
6. Нийгмийн халамжийн тогтолцооны хүрээнд халамжийн зардлыг ДНБ-ий 2.5 хувиас 2.2 хувь хүртэл буурна гэж тооцжээ. Гэвч бүтцийн шинэчлэл хийхгүйгээр зөвхөн хэлбэрийн түвшинд хязгаарлагдвал, бодит агуулга руу гүнзгий ороогүй тохиолдолд энэ нь түр хугацааны аргацаасан байдалд хүргэж болзошгүй байна. Энэ талаар тодруулга өгнө үү.
7. Иргэдийн ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах зорилгоор олон хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд болон хувийн хэвшлээс санал авсан гэж байгаа боловч энэ нь харьцангуй хязгаарлагдмал хүрээнд явагдсан байж болзошгүй гэсэн хардлага байна. Үүнээс гадна иргэдийн дунд шийдвэрлэх шаардлагатай олон санал, асуудлууд үлдсээр байна. Энэ талаар тодруулга өгнө үү.
8. Төсвийн эрэмбэ тогтооход Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн шалгуур боловсруулан хэрэглэсэн эсэх талаар тодруулж өгнө үү.