Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: Шинэ Ерөнхий сайд болон ЗГ-ын 100 хоног ямар ч шинэчлэлгүй манлайлалгүй шувтарч байна

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

2025 оны зургаадугаар сарын 12-ны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол улсын ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдсон байдаг. Ерөнхий сайдын эхний 100 хоног 9 дүгээр сарын 20 буюу маргааш тохиож байгаа юм байна. Аливаа Ерөнхий сайдын хувьд, эхний 100 хоногтоо шийдвэрлэсэн асуудлууд олны анхаарлын төвд байдаг. Би засаг солигдох үед өмнөх Ерөнхий сайдад үг хэлж байсан юм. Аливаа улс орныг айдсаар бус итгэлээр удирддаг юм аа гэж. Шинэ Ерөнхий сайд томилогдоход бодлогын манлайлал гаргаж, иргэдэд мөрөөдөл, итгэл найдвар өгөх нь чухал аа гэдэг үгийг мөн хэлж байсан. Шинэ Засгийн 100 хоногоос яг үнэнийг хэлэхэд бодлогын манлайлал, улс төрийн манлайлал, иргэд олон нийт, ард түмэнд итгэл найдвар хүсэл мөрөөдөл өгсөн шийдвэрүүд харамсалтай нь гарсангүй.

Улсын нэгдсэн төсөв яригдах үеэр шинэ ЗГ-ын хувьд Улсын нэгдсэн төсөв яригдах үеэр бодлогын ялгарлаа харуулах боломж байсан. Харамсалтайгаар та бүхний өргөн барьсан төсвийн төслөөс ялгарал харагдахгүй байгаад байна. Тэгэхээр нэгэнтээ ЗГ-ыг огцруулаад дараачийн ЗГ-ыг томилж байгаа нөхцөлд бодлогын ялгарал маш чухал байсан. Төсвөөс ямар ч манлайлал, шинэчлэл харагдахгүй байна.Яг л өмнө нь байсан хэдэн тоонуудаа наана цаана оруулж тавиад өнгөрсөн жилийн хугацаанд төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд Их хурал дээр яригдсан бүх зүйлүүдийг дахиад л яриад суугаад байна. Тэгэхээр бид хэзээ арай өөр түвшинд гарах вэ. Иргэд маш их бухимдалтай байна шүү дээ. Иргэдийн амьдрал ахуй сайн биш байна. ААН-үүд өр төлбөр, татварын дарамтад ороод тун хэцүү байдалд байна. Тэгэхэд энэ улс орны эдийн засагтай холбоотой асуудлыг шийдэх талаар огтхон ч ярихгүй, өмнөх ярьдаг хэдэн зүйлүүдээ л эргэн тойруулж яриад байна. Харамсалтай нь Ерөнхий сайд маань УИХ-ын чуулганы танхимд алга. Ерөнхий сайд болон ЗГ-ын гишүүдэд 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хүргүүлсэн бодлогын  шаардлагад тусгагдсан зарим зүйлсийг дахин сануулахыг хүсэж байна аа.

Төрийн өмчит ААН-үүдийн тоог цөөлж, олон нийтийн нээлттэй ХК болгох,  орон тоог 2 дахин бууруулах, Төрийн өмчит ААН-үүдэд реформ хийх,  хувийн хэвшилд ноогдох татварын дарамтыг 20%-аас доошгүй хувиар бууруулах, ажлын байр шинээр бий болгох, агаар орчны бохирдолтой тууштай тэмцэж иргэдийн амь насанд заналхийлж байгаа утаанаас бүрэн ангижрах гэх зэрэг нийтдээ 9 заалт бүхий бодлогын шаардлагыг хүргүүлсэн. Үүний албан ёсны хариулт ирээгүй. Шинэ төсвийн төсөлд эдгээртэй холбоотой тодорхой зүйл заалтууд алга аа. Би Ерөнхий сайд болон ЗГ-ын 100 хоног ямар ч шинэчлэлгүй манлайлалгүй шувтарч байна аа гэдгийг энэ танхимд сануулахыг хүсэж байна. 

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008