Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 48 талбайд 20 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, тэдгээрийн туслан гүйцэтгэгчээр 500 гаруй аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд орон нутгийн 8000 орчим иргэн ажлын байраар хангагдаж, бүс нутгийн эдийн засагт бодит өсөлт, хөрөнгө оруулалтын урсгалыг бий болгож байна.

Уул уурхайн салбар нь дэд бүтэц, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Энэхүү өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан Өмнөговь аймгийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Мөн улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй уурхайчид, салбарын нийт ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Нөгөө талаас уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчны доройтол, усны нөөцийн хомсдол, тоосжилт, дэд бүтцийн ачаалал зэрэг асуудлууд тулгарч буйг бид анхаарах ёстой. Иймд нутгийн уул ус, байгаль орчноо хүндэтгэн дээдлэх, экологийн тэнцвэрийг хадгалах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх нь нэн чухал юм.

Түүнчлэн уугуул иргэдийн эрх ашиг, уламжлалт ахуй соёлыг хамгаалах, тэдний оролцоог хангах, уул уурхайн үр өгөөжийг тэгш хүртээх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Цаашид уул уурхайн салбарыг ил тод, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодлогын түвшинд онцгой анхаарч ажиллах болно.
