Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.13) хуралдаан 13 гишүүний ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарим зохицуулалтад хийсэн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тодорхойлсон хэрэгцээ шаардлагад үндэслэсэн хуулийн төслийг боловсруулсан байна.
Хяналтын камер, техник, хэрэгсэлд арчлалт хамгаалалт хийдэггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй зэрэг асуудлуудаас үүдэн нөхцөл байдал ийм байгааг төслийн танилцуулгад дурджээ.
Камерын хяналтгүй орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлээд “Нийслэлд 5008 цэгт 20.032 камер, аймгуудын төвийн 3339 цэгт 13.356 камер нэмж суурилуулах шаардлагатай” гэсэн тооцоог танилцуулав.
Иймд, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгохоор торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлснээр төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.
Мөн нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх агуулга бүхий зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сэргэлэн, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх зорилгоор суурилуулсан камерууд нь эргээд хүний эрхийн зөрчил үүсгэж, камерын бичлэгүүд дэлгэгддэг асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулсан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа “Ойрын хугацаанд Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлнэ. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд камержуулалттай холбоотой хүний эрхийн бүхий л асуудлыг тодорхой зохицуулахаар тусгасан байгаа” гэлээ.
Төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын хэмжээнд камержуулалт хийх гэж байгаа тохиолдолд нэгдсэн стандарттай болж, завсар үйлчилгээний нэгдсэн төвтэй байх зэргээр асуудлыг цогцоор нь шийдэх саналыг гишүүд хэлсэн. Мөн энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрх, хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулах ёстойг хэлж байв. Цагдаа, хууль, хүчний байгууллага иргэний эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах, хангах үүргээ нэн тэргүүнд тавьж ажилладаг байх шаардлагатай сануулж байсан. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний олонх Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй хэмээн үзсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэж үзсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: