Үйл явдал2 мин унших
"Хүндээ ээлтэй хот төлөвлөлт ба Хүний эрх" сэдэвт онлайн хэлэлцүүлэг эхэллээ

Vip76.mn сайтын редакцаас салбар, салбарын тулгамдсан асуудалд экспертүүдийн санал бодлыг уралдуулах “ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийн платформыг шинээр ашиглалтад орууллаа. Онлайн хэлэлцүүлэг нь тухайн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг салбарын экспертүүдийн оролцоотойгоор тодорхойлох зорилготой.
Бид энэхүү цахим системээр дамжуулан Монгол улс дахь хот дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд буй хүний эрхийн асуудлыг олон улсын болон дотоодын эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн тайлбарлах, шийдэл санал болгохоор зорьж байна.
Учир нь хөгжлийн нэрээр халхавчлан олон жил хэрэгжүүлж байгаа хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хүний эрхийн олон улсын эрх зүйн хамгаалалт, удирдлага, зохион байгуулалт, захиргааны болон шүүхийн хяналт, санхүүжилт, хүний эрхэд суурилсан гомдол барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлээгүйн улмаас иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй, тайван орчинд амьдрах, шаардлагад нийцсэн орон байртай байх эрх болон бусад эрх олон жилийн турш ноцтой зөрчигдсөөр ирсэн юм.
Иймд “Хот дахин төлөвлөлт ба Хүний эрх” онлайн хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байна.
Хүний эрхэд суурилсан дахин төлөвлөлтийг явуулдаг болоход ЭКСПЕРТ таны оролцоо, үг, үзэл бодол нэн чухал байна. Иймд Таныг өөрийн САНАЛ, САНААЧИЛГА, ШИЙДЛИЙГ дэвшүүлэн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Тухайлбал,
Иргэдийг Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хамгаалах үүргийнхээ хүрээнд Төр дахин төлөвлөлтийн процессийг хэрхэн хүний эрхийг хүндэтгэж, хамгаалж, хангаж зохион байгуулах;
Нөлөөлөлд өртсөн иргэдийг хэлцэлд бэлэн болох хүртэл мэдээллээр хангах, оролцоог нэмэгдүүлэх механизм ямар байвал зохих;
Хуулийн хамгаалалтыг сайжруулах хүрээнд тухайлсан хууль, тогтмоомжуудад ямар өөрчлөлт, шинэчлэлүүд хийх;
Бодлого боловсруулагч, төрийн албан хаагч, олон нийтийн хандлагыг өөрчлөхийн тулд ямар алхамуудыг хийх шаардлагатай болох
Энэ мэт өөрийн санал, санаачилгыг дэвшүүлэн, хүний эрхийн зөрчилгүй дахин төлөвлөлттэй улс болоход ХИЙХ АЛХАМУУД юу болох талаар ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ нэгдэхийг урьж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг 2026 оны 6 сард хэвлэгдэн гарах "Vip EXPERT" сэтгүүлд нийтлэж, шийдвэр гаргагчид болон экспертүүдийн гарт хүргэнэ.
Онлайн хэлэлцүүлэгт оролцох заавар:
Та онлайн хэлэлцүүлэгт оролцохын тулд эхлээд тус сайтад экспертээр бүртгүүлсний дараа онлайн хэлэлцүүлэгт оролцох эрх нээгдэнэ.
Экспертээр бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Онлайн хэлэлцүүлэгт оролцох заавар авах бол ЭНД дарна уу
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
